sonin.mn

Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга М.М. Гершевич тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.11.26 / хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд ноён М.М. Гершевичтэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Өнгөрсөн оны 7 дугаар сард болсон Монгол Улсад Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Оросын Холбооны Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж Монгол Улсад хүрэлцэн ирж байсныг санаж байна. Мөн 9 дүгээр сард Буриадын Ардын хурлын эмэгтэй гишүүд манай УИХ-ын эмэгтэй гишүүдийн урилгаар айлчилсан талаар дуулгалаа.

Мөн тэрээр хоёр орон стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа өргөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг дуулгаад энэ онд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалууд хэрэгжсэн талаар хэллээ.

Түүнчлэн 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар тус тус Монгол Улсад айлчилсан талаар онцлоод ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ажлын айлчлалын үеэр иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан.

Уг хэлэлцээр 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр болж Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд иргэдийн харилцаа, холбоо өргөжиж байна гэдгийг тэмдэглэн хэлэв. Мөн хоёр улсын хоорондын худалдааны нийт эргэлтийн 60-70 хувь нь Оросын Холбооны Улсын хил орчим, бүс нутгийн субъектуудад ноогддог тул иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын хил орчим, бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай нөхцөл бүрдэж байна.

Тухайлбал, 11 дүгээр сарын 14-нээс хойш хэдхэн хоногийн хугацаанд Буриад Улсын олон иргэд манай улсад зочилсныг манай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид сэтгэл тааламжтайгаар тэмдэглэж байна. Цаашид хоёр талаас хүчин чармайлт гаргаж илүү үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө бид ажиллах болно гэдэгт итгэл төгс байна гэлээ.

Ноён М.М. Гершевич Монгол Улсын Их Хурлын даргыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Буриад Улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа. Мөн хоёр улсын парламентын тэргүүн хоёр орны эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн талаар харилцан санал солилцов.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Д.Арвин, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.