sonin.mn

Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор Д.Өлзийбаатарын туурвин бүтээж, хөтлөн өгүүлсэн “Монголчууд” /цахим түүх/ сонсдог номын нээлт өнөөдөр /2014.11.26/ боллоо.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд номын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ үед улс үндэстэн бүрийн ялгарах зүйл нь түүх юм. Бид дэлхийн түүхийг удирдаж явсан, Монгол шиг баялаг түүхтэй улс дэлхийд байхгүй.

Доктор Д.Өлзийбаатар сүүлийн хэдэн жил түүхийг олон нийтэд таниулах тал дээр  ажиллаж байгаа эрдэмтэн. “Монголчууд” хэмээх энэ сонсдог номонд түүхийг байгаагаар нь гаргасан. Энэ сайхан ном Анхдугаар Үндсэн хууль баталсны 90 жилийн ойн өдрөөр нээлтээ хийж буй нь билгэшээлтэй юм.” хэмээсэн.

Гадаад харилцааны яаманд болсон “Монголчууд” /цахим түүх/ номын нээлтэд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцсон юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.