sonin.mn

Дэлхий нийтээр тэмцэж байгаа аюултай эбола вирусээс урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагын харилцан уялдаа, хамтын ажиллагааг тодотгох  зорилгоор  “Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” ажлын хүрээнд “Эбола вируст халдварын шинж тэмдэг илэрсэн  зочигчтой ажиллах, халдвар эсэргүйцэх хариу арга хэмжээ” сэдвээр үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

Төмөр замын Удирдах газрын Суудлын Вагон Депогийн обьектыг түшиглэн зохион байгуулж ХӨСҮТ, Нийслэлийн Онцгой байдлын газар, Төмөр замын байгууллага, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо, Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв нийт 16 байгууллагын 120 албан хаагч оролцож  мэргэжлийн байгууллагын гүйцэтгэх үүргийнхээ дагуу хэрхэн арга хэмжээ авах талаар үзүүлэх сургууль хийсэн.

Цагийн байдлаар Эбола вирүсын халдварын сэжиг илэрсэн 2 өвчтөн, хоёр дугаар хавьтал бүхий 8 зорчигчтой суудлын галт тэргийг тусгаарлан хамгаалалтад авч, сэжигтэн 2 өвчтөнд үзлэг хийж, голомтоос тусгаарлах байранд байршуулж,  8 зорчигчийг тусгаарлан эмчийн тайлбар авах, суудлын галт тэргэнд /дотор болон гадна байдалд/ ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажиллагаа явагдаж, шуурхай штаб удирдлага зохион байгуулалтаар хэрхэн хангаж ажиллах талаар дадлага сургуулийг зохион байгууллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.