sonin.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2014.11.26/ хуралдаанаар эхлээд Засгийн газар 2013.09.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шүүхэд гомдол гаргахад төлөх хураамжийн хэмжээг тогтоохоор зохицуулалт хийгдсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн, дэмжиж санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд төлбөр авагч иргэн, бизнесийн байгууллагын хувьд зөрчигдсөн эрхээ сэргээх, алдсан хөрөнгөө түргэн хугацаанд буцаан гаргуулан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулж буй нэг шалтгаан болох төлбөр төлөгчийн зүгээс зөвхөн төлбөр төлөлтийг хойшлуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бүхий л шатанд үндэслэлгүйгээр гомдол гаргаж буй явдлыг зохицуулахаар зарим заалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлын тоо буурч, төсөвт улсын тэмдэгтийн хураамжийн орлого төвлөрөх, төлбөр барагдуулах ажиллагаа түргэн шуурхай хэрэгжих нөхцөл бүрэлдэж, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгийн урсгал, эргэлт нэмэгдэх эерэг үр дагавар бий болно хэмээн харж байгаа аж.

Үүний дараа “Орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт”-ын болон “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”-ийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсов.

Улсын Ерөнхий аудитор А.Зангад сангуудын үйл ажиллагааны үр дүн, хөрөнгийн зарцуулалтад аудит хийсэн талаарх тайланг танилцуулсан бөгөөд гишүүдийн асуултад ч мөн дэлгэрэнгүй хариулсан юм.

Тэрээр, Хяналт шалгалтаар ерөнхийд нь сангийн хөрөнгийн зарцуулах бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих үр дүн хангалтгүй гэж үзсэн тухай танилцуулгадаа дурьдаж байсан. Гишүүд, сангуудын үйл ажиллагааны талаарх санал, шүүмжлэлийг өрнүүлсний дараа, дараагийн хуралдаанаар цаашид авах арга хэмжээний талаарх байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.