sonin.mn

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө угаасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр ШШГЕГ- ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа М.Тулгын талаар янз бүрийн мэдээлэл гарч байна.

Тухайлбал, түүний ээж М.Эрхэмхүү “Миний хүүг “Сонгдо” эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацаанд эмчлэгч эмч Б.Болдсайхан дарамталж, нарийн оношилгоо, дүгнэлт гаргаж өгөөгүй” хэмээн нэлээд гомдолтой байгаа.

Энэ талаар болон М.Тулга тухайн эмнэлэгт ямар зовиуртай ирсэн талаар “Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхантай ярилцлаа.

 -М.Тулгыг сүүлийн хоёр өдөр дараалан УИХ- ын гишүүд очиж эргэлээ. Энэ үеэр түүний ээж хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Сонгдо” эмнэлгийн эмч нар нарийн шинжилгээ, оношилгоо гаргаж өгсөнгүй” гэж гомдолтой байгаа талаараа хэлсэн. Үүнд таны байр суурь ямар байна вэ?

-Эрүүл мэнд, иргэний тухай хуулиар үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн нууцыг ярих боломжгүй байдаг. Ойр зуурын хоолой өвдсөн энэ тэр асуудлыг ярьж болно. Ер нь манайд зөвхөн М.Тулга ч биш урьдчилан хорих төвөөс олон хүн ирж үзүүлж, эмчлүүлдэг. Н.Энхбаяр ч мөн адил манай эмнэлэгт олон удаа үзүүлж, шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулж байсан.

М.Тулгыг хэвтэн эмчлүүлж байх үед ч гэсэн 3-4 хүн хорих ангиас ирж үзүүлсэн. Гэтэл М.Тулга дээр л ийм асуудал гараад байгаа юм. Анх L5 буюу нурууны хамгийн доод үе ууц хоорондох диск асуудалтай, хоёрдугаарт хоолой нь битүү идээлчихсэн, өндөр халуунтай ирсэн. Өөрөө бол “Хөл өвдөөд явж чадахгүй байна” гэж байсан.

Ар гэрийнхэн нь болохоор хорих ангид байхад нь харгалзагчид нь зодоод хөлийг нь хугалчихлаа. Хөлийг нь хоёр удаа хугалснаас болоод хөл, бөгсөн бие нь мэдээгүй болсон. Ийм болтол нь манай хүүхдийг зодчихлоо. Ийм дүгнэлт гаргаж өгөөч” гэсэн. Эхний үзлэгээр тийм дүгнэлт гарах боломжгүй.

Эмчлэгч эмчийн зүгээс “Нарийн шинжилгээ хийж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгсэн М.Тулгын өмгөөлөгч, ар гэрийнхэн АТГ-т өргөдөл гаргаад манай эмнэлэгт хэвтсэн. Манайд хэвтэхдээ хамгийн үнэтэй, хоёр хүний өрөөнд гурван ээлжийн харгалзагчтайгаа хэвтсэн. М.Тулгын өрөөнд 24 цагийн камер тавьсан. Бусад хүний амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд тусгай өрөөнд хэвтүүлсэн.

Тэгтэл дөрвөн жилийн турш манай эмнэлэгт имрай хийлгэж, олон удаа рентген зураг авахуулж байсан өмнөх зураг түүнд байсан. Тухайлбал, хөлний хугарал бол хуучных байсан Нарийн шилбэний цууралт өмнө нь хугараад бороолсон байдалтай байсан.

Энэ нь харгалзагч хорих ангийн камерт хоригдож байгаа хүмүүс нь зодоод хугалчихсан юм биш гэдгийг тогтоосон Хоёрдугаарт, нурууны дискний өөрчлөлт мөн хуучин байсан. Мөн дөрвөн жилийн өмнө манай эмнэлэгт авахуулж байсан зурган дээр яг ийм байсан.

Түүнд онцын өөрчлөлттэй юм байхгүй яльгүй зүүн тийшээ байсан диск баруун тал руугаа жаахан хазайсан байдалтай байсан Нуруу ууц хоёрын завсрын доод талд нугас байдаггүй. Тэгэхээр нугас байхгүй газар нугас дарагдана гэсэн ойлголт байхгүй. Байхгүй юм дарагдсанаас доошоо мэдээгүй болно гэж бүр ч байхгүй.

-Ар гэрийнхнийх нь хэлж байгаагаар танай эмнэлэгт ирэхдээ өндөр халуунтай, хөл дээрээ явж чадахгүй байсан гэсэн. Яг ямар зовиуртай байсан юм бэ?

-Хоолой нь маш их идээлсэн байсан. Түүнийгээ эмчлүүлсэн. Хөл нь өвдөөд байсан шиг байгаа юм. Түүнд нь мөн эмчилгээ хийсэн. Өөрсдийнх нь хүсэлтээр СD-ний бичлэг дахин хийсэн.

Ингээд “7-10 хоног хэвтүүлж эмчлээд гаргана” гэхэд “Эмнэлгээс гарахгүй” гэсэн. “Хорих ангид байхдаа зодуулаад гэмтсэн гэсэн онош гаргаж өгөөч. Хорих анги хэцүү байдаг. Дахиад шүүх хурал болтол сар хэвтүүлээд өгөөч” гээд эмнэлгээс гардаггүй.

Уг нь манайд ирэхдээ суга таягтай өөрөө босоод явдаг байсан. Ингээд эмчилгээ хийгээд хөл дээрээ гайгүй яваад байсан. Бүр анх ирэхдээ албаар явахгүй дэвхэрч, үсрээд байсан. Тэгэхээр нь би “Залуу эр хүн байтугай, манай сувилагчид хүртэл суга таягтай хөл дээрээ гишгэж болдог” гэсэн. Тэгээд түүнээс хойш дажгүй яваад байсан. Гэтэл сүүлийн долоо хоног үгэнд орохгүй “Үгүй, босохгүй” гэдэг болсон доо.

Эмээ уухгүй хадгалж байгаад ээждээ өгөөд явуулчихна. Иймд манай сувилагч нараас гомдол гаргасан. “Эмчилгээ хийлгэхгүй байна. Энэ хүн чинь хоол идчихээд өмгөөлөгчтэйгөө уулзаад л хэвтээд байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, босч яваад дасгал хийж байснаа бүр больчихсон.

-Тэгэхээр таныг “Хорих ангид байхдаа зодуулаад гэмтсэн” гэсэн дүгнэлт гаргаж өгөөгүй гээд ийм мэдээлэл гаргаад байна гэсэн үг үү. Таныг “АТГ-ын байцаагчид шиг л аашилж загнадаг” гэж ээж нь ярьж байсан шүү дээ?

-Эмчийн хувьд би тэдний хэлсэнчлэн “Хорих ангид зодуулаад гэмтсэн” гэдэг дүгнэлтийг гаргаж өгөөгүй. Яагаад гэвэл хуучин хугарал байсан. Ийм байхад би “Шоронд зодуулаад хугалсан” гэж дүгнэлт гаргах боломжгүй. Мөн дөрвөн жилийн өмнө нурууны дискэнд ийм өөрчлөлт байгааг тогтоосон байхад одоо үүнээс болоод бөгсөн бие нь мэдээгүй болсон гэсэн дүгнэлт гаргаж өгч чадахгүй.

Гаргаж өг гэхээр нь “Уучлаарай, би Ерөнхий сайдын зөвлөх ч байсан, хулгайч, жирийн иргэн ч байсан эмч хүнийхээ ёс зүйгээр ажлаа хийнэ. Бусадтай яг адилхан л харилцана” гэж хэлсэн нь үнэн. Ээж, эхнэр, аав нь гээд олон хүн надтай уулзсан.

Тэд ерөөсөө л нэг зүйл ярьж байсан. “Дараагийн шүүх хурал болтол эмнэлэгтээ хэвтүүлээд өгөөч. Тэгвэл насаараа ачийг чинь мартахгүй” гээд л олон юм ярьсан. Би “Өөрийн оношоо л тавьж, хийдэг эмчилгээгээ хийнэ. Харамсалтай нь, танай хүүхэд сүүлийн үед ингээд эмчилгээгээ хийлгэхгүй байна” гэж хэлсэн.

Өөрөөр хэлбэл, намайг “Шоронд зодуулаад хөлөө хугалуулж, бөгсөн бие мэдээгүй болсон” гэж дүгнэлт гаргаагүйн төлөө миний талаар ингэж гүтгэлэг мэдээлэл гаргаж байгаа байх. Тэр гомдлоо АТГ-т гаргах ёстой юм уу, хэндээ гаргах ёстойг мэдэхгүй.

Би тэр хүнийг эрүүгийн хэрэгт татаж оруулаагүй. Шүүгч биш би тэр хүнийг гэмтэй, гэмгүй эсэхийг шийдвэрлэж дүгнэлт гаргаж чадахгүй. Гэтэл хэвлэл мэдээллээр миний эсрэг арав гаруй удаа мэдээлэл гаргаж байна.

-М.Тулгын ээж ярилцлага өгөхдөө “Б.Болдсайхан эмчид миний өвчтэй хүү мөнгө л болж харагдсан” гэсэн байсан Мөнгөний асуудал ямар учиртай юм бэ?

-М.Тулгын ээж өнөөдөр /өчигдөр Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа 18 хоногт дөрвөн сая төгрөг миний хүүгээс авсан” гэж ярьсан байна. Тэр өрөө нь хоёр хүний өдрийн 400 гаруй мянган төгрөгийн төлбөртэй байсан.

Би яг үнэндээ тэр хүнийг хүчээр эмнэлэгтээ байлгаагүй Долоо хоногт хийх ёстой шинжилгээгээ хийгээд “Одоо хоолой чинь зүгээр боллоо. Зүрхний цохилт удаан байснаа хэвийн болсон. Хөл дээрээ сайн явж дасгалаа хийгээд байвал гайгүй болно” гэж хэлээд эмнэлгээс гарахад нь хүн бүрт гаргаж өгдөг анх ирсэн онош болон хэвтэж эмчлүүлэх хугацаанд гарсан эмчилгээний үр дүнгийн талаарх бичгийг өгсөн.

Гэтэл өөрсдийнх нь хэлсэн дүгнэлтийг гаргаж өгсөнгүй гэж надад уураа гаргаад байна. Бүтэн сарын турш манай эмнэлгийг доромжилж байна. Харамсалтай нь, энэ залуу маань АТГ-т эргүүгийн хэргээр шалгуулж, шоронд орчихоод ядарч байхад нь “Эмнэлгийн болон хувь хүнийхээ нэр төрийг сэргээлгэнэ. Намайг гүтгэлээ, гүжирдлээ” гэж хэрэг үүсгэлтэй биш.

Ядарч байгаа хүнийг яршиг л гэж би бүтэн сар тэвчлээ. Гэтэл үргэлжлүүлээд ингэж яриад байгаад гайхаж байна. Гэхдээ маргааш М.Тулга над дээр дахиад “Эмчлүүлье” гээд ирвэл би чадах бүхнээ хийнэ.

Эмнэлэг ийм л байх ёстой юм би тэр л дүрмийг мөрдөнө. Би залуу хүн гэдэг утгаар нь М.Тулгыг ойлгож байна. Чадахаараа л туслах гээд гэрийнхэнд нь тайлбарлаж байсан. Ээж, эхнэр нь нэг өдөр уйлж орж ирээд, дараа өдөр нь уурлаад хашгирч загнадаг байсан.

Тэгэхээр нь би ээжид нь “Наад уйлаад загнаад байгаа асуудлаа хүүдээ хэл. Залуу хүн Ерөнхий сайдын зөвлөх гээд улс төрийн бохир тоглоом дунд өөрийн амьдрал, нэр төрөө алдаад явж байна гэдэг зохимжгүй.

Сурч хөдөлмөрлөөд явж байх нас шүү дээ. Гэтэл эмчилгээгээ зүгээр хийлгэхгүй ийм ааш аяг гаргаж байгаа нь бүр ч буруу” гэж хэлсэн. Ээж нь ч гэсэн “Миний хүү улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртчихлөө” гэж хэлж байсан.

-Танай эмнэлгээс гаргаж өгсөн СD, имрайн зургийг Солонгос, Тайвань руу явуулахад “Маш яаралтай нурууны хагалгаа хийлгэх ёстой” гэсэн дүгнэлт гарсан гэж байсан. Яагаад шинжилгээний хариу зөрөөд байна вэ?

-Надад бас тийм юм хэлсэн. Би “Гадаадаас ирсэн шинжилгээнийхээ хариуг авчраад надад үзүүл” гэсэн. Тэгсэн үзүүлээгүй. Тиймээс өөрсдөөс нь асуу. Тэд заавал манайд эмчилгээ хийлгэх шаардлагагүй шүү дээ.

Гадаадад яваад эмчилгээ хийлгэнэ гэвэл эрх нь нээлттэй Манай эмнэлгийг сонгоод, надаар эмчлүүл” гэж шахаж, шаардаагүй. Өөрсдөө л өмгөөлөгчтэйгөө ярилцаж, зөвшилцөөд манайд эмчлүүлэхээр ирсэн. Яагаад гэвэл, өмнө нь манайд дөрвөн жил үзүүлж, хяналттай байсан учраас ирсэн байх.

Түүнээс биш би хорих ангид очоод “Энэ залууг манай эмнэлэгт авчраад хэвтүүл” гэсэн байж таарахгүй биз дээ. Тэгээд ч М.Тулгаас гадна олон хүн манайхыг сонгоод ирэхэд бид яг адилхан харилцаж, үйлчилж, оношилгоо, хагалгаагаа хийдэг.

-М.Тулгын өмгөөлөгч Ц.Баасандорж МХЕГ-т гомдол гаргаж, танай эмнэлгийг шалгуулахаар болсон талаараа хэлж байсан. Шалгах талаар албан бичиг ирсэн үү?

-Шалгаж болно. М.Тулгын сүүлийн дөрвөн жил хийлгэсэн шинжилгээний бичиг, зураг бүгд байгаа. Манайд мэргэжлийн мэс заслын эмч, Солонгост төгссөн мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Мөн III эмнэлгээс мэдрэлийн эмч нарыг хоёр удаа авчирч М.Тулгыг үзүүлж, зөвлөгөө өгсөн бичиг нь байна.

Одоогоор шалгах талаар албан бичиг ирээгүй байна. Шалгуулахаас татгалзах зүйл алга. Би Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын туслах, хоригдол, жолооч, малчин, магадгүй “Маргааш намайг ална” гэж занасан байсан ч би эмчийн ажлаа л хийнэ.

Магтаж, мууллаа гээд би өөр онош тавихгүй. Үүнийг ойлгох ёстой. М.Тулгыг үйлчлүүлэгчийн нүдээр харж хандсан. Гэтэл Ерөнхий сайдын туслах байсан гээд ууртай уцаартай байдал гаргаж байх шиг байна. Эрх мэдэлтэй хүн мэт харагдахын тулд гадуур юу гэж ярьж байгааг мэдэхгүй байна.

Хувь хүний хувьд намайг доромжилж болно л доо. Гэтэл эмнэлэг, банк хоёр бол хүний итгэл үнэмшил дээр тогтож, үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Иймээс эмнэлгийн нэр хүндийг доромжлоод “Буруу онош тавьж, эмчилгээ хийгээгүй.

Их мөнгө авсан” гээд цааш үргэлжлээд байвал би магадгүй энэ хэргийнх нь хажуугаар “Манай эмнэлгийг гүтгэж байна. Нэр хүндээ сэргээлгэнэ” гээд хуулийн байгууллагад хандахыг үгүйсгэхгүй. Манай эмнэлэг ч мөн адил хуульчтай шүү дээ.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: