sonin.mn

Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймаг удахгүй ургацын баяраа тэмдэглэх гэж байна. Сэлэнгэ аймаг энэхүү баярыг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Харин энэ жил урьд жилүүдээсээ илүү онцлог үйл явдал болж байна. Энэ бол аймгийн хэмжээнд сүүлийн 26 жилд аваагүй арвин ургацыг авч байгаа явдал билээ. Ингээд удахгүй тэмдэглэх “Алтан намар” ургацын баярын өмнөхөн тус аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүүтэй ярилцлаа.

 -Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд өндөр ургац авч байгаад баяртай байна. Энэ амжилтаасаа манай уншигчидтай хуваалцана уу?

-Баярлалаа. Энэ жил манай аймаг сүүлийн 26 жил аваагүй өндөр ургацыг хураан авлаа. Энэ бол сэлэнгийнхний газар нутгаа дээдлэн, шүтэж, тариа ногоогоо тариалан ирсэн түүхэн үеийн нэгэн он тоолол юм.

Манай аймгийн тариаланчид энэ жил нийтдээ 174167 га талбайд тариалалт хийж, 127.1 мянган га талбайд чанартай уринш бэлтгэн эргэлтийн талбайгаа 98.6 хувьтай ашиглалтад оруулсан.

Үүний үр дүнд энэ намар 142096 га талбайгаас 242929.1 тонн үр тариа буюу га-гаас 17.1 центнер, 28637 га талбайгаас 20795 тонн тосны ургамал буюу га-гаас 7.3 центнер, 3246 га талбайгаас 6744 тонн тэжээлийн ургамал буюу га-гаас 20.8 центнер, 2147.6 га талбайгаас 31474.5 тонн хүнсний ногоо га-гаас 147 центнер, 2935.3 га талбайгаас 46070.9 тонн төмс га-гаас 157 центнер, 1014.9 га талбайгаас 85.5 тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хураалтаа бүрэн дуусгаад байна.

Үүнээс улаанбуудайн ургацыг авч үзвэл буудай 130504 га талбайд тариалж 229769.9 тонн буюу га-гаас дунджаар 17.6 центнер хураан авсан нь Сэлэнгэ аймаг сүүлийн 26 жилийн түүхэнд аваагүй ургацаа хураан авч бас нэгэн шинэ амжилтыг тогтоолоо. Сэлэнгийнхэн анх 1988 онд 323.4 мянган тонн үр тариа хураан авч байсан нь түүхэн дэх хамгийн өндөр авсан ургацтай жил байсан юм.

Мөн аймгийн хэмжээнд 154170 тонн хадлан бэлтгэхээс 164000 тонн хадлан бэлтгэж төлөвлөгөөгөө 106.4 хувиар давуулан биелүүлээд байна. Ийнхүү амжилттай ажилласан нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байна.

Тухайлбал, бид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “газар тариалан эрхлэгчдийн техник, технологийг шинэчлэх”, “усалгаатай тариаланг хөг жүүлэх”, “таримал ургамлыг малаас хамгаа лах” зэрэг заалтыг хэрэгжүүлэн ажилласан. Энэ бүхний үр дүнд ургацын хувь хэмжээ нэмэгдсэн.

Тухайлбал, бид “Хамгаалагдсан тариа”, “Хамгаалагдсан ногоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын хөлөөс тариа ногооны талбайг хамгаалсан. Судалгааны дүнгээс харахад аймгийн нутаг дэвсгэр дэх малын тоо байвал зохих хэмжээнээсээ хэтэрснээс шалтгаалан бэлчээрийн даац хүрэхгүй болж, мал тариан талбайд бэлчих болсон нь тариаланчдын ургацыг тодорхой хэмжээгээр бууруулж байсан. Иймээс “Хамгаалагдсан тариалан” төслийг хэрэгжүүлсэн.

-Таны дээр дурдсан “Хамгаалагдсан тариалан” төслийг хэзээ санаачилж хэрэгжүүлсэн нь сонин байна. Үүнийгээ сонирхуулаач?

-Сэлэнгэ аймаг бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөжүүлэх зорилго тавьсан аймаг л даа. Энэ зорилтыг биелүүлэхтэй уялдан “Хамгаалагдсан тариалан” төслийг санаачлах болсон.

Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “таримал ургамлыг хамгаалах” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байсан. Энэ нь таримал ургам- лыг малаас хамгаалахын тулд хаших гэсэн санаа байв. Энэ санааг төсөл болгоод Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг “Бороо гоулд” компанид хандсан. Төслийг “Бороо гоулд” компани дэмжиж, хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх болсон.

Ингээд 2012 оны төгсгөлөөр эхний төслийг хэрэгжүүлэхээр тендер зарлаж, санхүүг нь “Бороо гоулд” компани, захиалагч нь аймгийн Хүнс хөдөө аж ахйн газар, гүйцэтгэгчээр нь тендерт ялсан Дархан-Уул аймгийн “Арогон” компанийн хооронд гурвалсан гэрээ байгуулснаар энэ төслийн ажил эхэлсэн юм. Эхний ээлжид 17 мянган метр хашаа өгсөн нь одоо миний санаж байгаагаар 260 гаруй сая төгрөг болж байсан байх.

Мөн төсөлд хамрагдагсдад хашааны ашиглалтын заавар өгч, сургалт зохион байгуулсан. Энэ төсөл их үр дүнгээ өгсөн. Төслийн дүнгээс харахад аймгийн 17 сумаас Орхонтуул бүрэн гүйцэд ашиглаагүй, Сүхбаатар сум зориулалтын бус ашигласан, Баянгол сум хожуу эхэлсэн. Энэ гурван сум л биелэлт тааруу бусад сум нь маш сайн хэрэгжүүлсэн.

-Төслийн үр дүнг сайн байсан гэж та хэллээ. Тэгэхээр энэ төслийг цааш нь яаж үргэлжлүүлэх вэ?

-Төслийн хоёр дахь шатыг өнгөрсөн аравдугаар сард эхлүүлсэн. Үүний дагуу 20 гаруй км газар хашаажуулахаар болж тендерээ зарласан. Энд Улаанбаатар хотын компани шалгараад хашаагаа авчирч саяхан сумдад тараагаад байна.

Ер нь энэ төсөл хэрэгжсэнээр хоёр талын ашигтай. Нэгдүгээрт, тариа ногоогоо хамгаалахын зэрэгцээ бас малаа хамгаалж байгаа. Мөн хашааг барьж буулгахад хялбар учраас хавар нь бариад, намар нь буулгаад авчихаж байгаа.

Ингэхээр үрэгдэж алга болохгүй, хулгайд алдагдахгүй, бас эвдэрч хэмхрэхгүй. Төслийг Баруунбүрэн, Түшиг сумд сайн хэрэгжүүлсэн. Цагааннуур, Сант, Орхон, Баруунбүрэн, Ерөө зэрэг сумд энэ төслийг дахин хэрэгжүүлэх саналаа удаа дараа хэлж, аймгийн ИТХ дээр ч танилцуулсан.

Төслийн үр дүнг хурааж авсан ургацын хэмжээгээр тооцож үзвэл, урд жилүүдээсээ арай илүүг буюу 1784 тн төмс, хүнсний ногоог хашаажуулсан газраасаа хурааж авсан. Иймээс хамгаалсан тариалан руу мал орох нь багасч, энэ хэмжээгээр ургацын хувь дээшилсэн байна гэж үзсэн.

-Үүнээс өмнө тариан талбайг яаж хамгаалдаг байсан юм бэ?

-Ер нь таримал ургамлыг малаас хамгаалах талаар олон ажил хийсэн. Тухайлбал, Гацуурт зэрэг хүч, чадалтай компаниуд нүх ухдаг. Энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж ойр орчмынхоо хөрсийг хуурайшуулж, хөрсний үржил шим муудаж байна. Мөн нүхэнд нь мал унаж эндэх явдал гардаг.

Харин энэ жил “Гацуурт” компанийнхан цагаан хэрэм шиг цементэн хашаа барьсан. Энд асар их зардал орж, энэ зардлаа хурааж авсан тариа, будаандаа шингээж, буудайны үнэ өсөөд байна шүү дээ. Тэгээд ч бүх хүн “Гацуурт” компани шиг хашаа барих боломжгүй шүү дээ.

Гэхдээ энэ мэтчилэн тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө хөрөнгө боломжид тааруулаад төрөл бүрийн хашаа барьж үзсэн л дээ. Гэвч, модон хашааг нь эвддэг, төмөр хашааг нь өвөл хулгайлаад аваад явчихдаг, блокон хашаа нь зардал их зэрэг бэрхшээлүүд бий. Харин энэ төсөл хоёр жил амжилттай хэрэгжиж иргэд ам сайтай байна.

-Цаашдаа тариа, ногооны талбайг малаас байнга энэ төсөл хэлбэрээр хамгаалах уу?

-Ер нь цаашдаа Сэлэнгэ аймгийн хэмжээнд малынхаа тоог цөөрүүлж байж таримал ургамлаа малаас хамгаалах нь чухал. Тэгэхээр Сэлэнгэ аймагт “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг” гэсэн статусыг өгөх хэрэгтэй.

Ингэх юм бол манай аймгийн ИТХ өөрсдөө шийдээд эрчимжсэн малын бэлчээрийн төлбөрийг багаар, нутгийн малын бэлчээрийн төл бөрийг нь ахиу тавихыг бодлогоор зохицуулах хэрэгтэй. Тэгээд “Уучлаарай бусад 20 аймагт нь нутгийн мал нь байг. Энд нь цэвэр эрлийз, эрчимжсэн мал нь байг” гэхэд болохгүй зүйлгүй.

Тэгвэл нэг сая гурван зуун мянган малаас авдаг ашгаа 500 малаас авна. 1988 онд 323000 тонн үр тариа авахад Сэлэнгэ аймаг 432000 толгой малтай байсан. Сүүлийн 26 жилд аваагүй ургац буюу 1988 онтой дүйхүйц хэмжээний ургац авлаа.

Энэ үед 1.3 сая малтай байна. Малын тоо нь гурав дахин өссөн гэсэн үг. Гэхдээ бэлчээр тэлээгүй нь ойлгомжтой. Тэгэхээр ийм өндөр ургац авахад хамгаалсан тариа, ногооны төсөл үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.

-Тариалангийн талбайг малаас хамгаалах төслийг “Бороо гоулд” компани дэмжсэн гэсэн. Та газар тариалангийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд хэр өгөөжөө өгдөг гэж бодож байна.

Энэ асуултыг танд тавьсны учир нь, Бороогийн уурхайн үйл ажиллагаа ид дундаа явж байх үед та Баянгол сумын Засаг даргаар ажиллаж байсан шүү дээ. Тиймээс энэ компаниар жишээ болгон асууж байна л даа?


-Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тухайн орон нутагтаа өгөөжтэй байдаг. Жишээ нь, миний ажиллаж байсан сумын нутаг дэвсгэрт уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Бороо гоулд” компани сум орон нутагт их үр өгөөжтэй байсан талаар би олон удаа хэлж байна.

Анх 2002 онд техник эдийн засгийн үндэсдээ “сум, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд зохих хувь нэмэр оруулна” гээд “100 мянгаас доошгүй хэмжээний ам.долларыг тухайн сум орон нутагт өгнө. Дээр нь нийгмийн шаардлагатай асуудлуудыг шийднэ” гэсэн үндэслэлийг үзэглэсэн юм.

2003 оноос анхны 50.000 ам.доллар авч, үүгээрээ сумынхаа Засаг даргын Тамгын газрын конторыг барьсан. Хуучин нь 1964 онд барьсан маш намхан, мөөгөнцөрдсөн цагаан байр байв. Дээр үед Сангийн аж ахуйн орон гэргүй хүмүүс байрладаг байсан газрыг засч янзлаад суусан.

Тэгээд яах аргагүй болоод сум орон нутгийн төсвөөс 50 сая, “Бороо гоулд” компани 50.000 ам.доллар, аймгийн хөрөнгө оруулалтаар 30 сая төгрөг авч одоогийн байгаа байрыг тухайн үеийн 120 гаруй сая төгрөгөөр барьж, тухайн үедээ шүүмжлүүлж л байлаа. Үүнээс хойш “Бороо гоулд” компани төлөвлөсөн хэмжээний үйлдвэрлэл үйл ажил лагаагаа явуулж байсантай хол богдоод, бид сайн хамтарч ажилласан.

“Бороо гоулд” компани сум, орон нутгийн үйл ажиллагааг ойлгож гол гол шийдвэрлэх асуудлуудад хамтарч жил бүр 250.000 ам.доллар өгч байсан. Энэ бол асар их мөнгө. Тухайн үед 300 гаруй сая төгрөг байсан. Энэ санхүүжилтэд төсөл бичиж, хамтран шийддэг байсан. Тухайлбал, хоёр дахь жилдээ эмнэлэгт иж бүрэн засвар хийж, дээр нь шүдний иж бүрэн кабинеттай болсон.

Гурав дахь жилдээ сумын хөгжлийн сан байгуулж, жил бүр 40,000 ам.долларыг хадгалж, түүнийгээ залуу гэр бүлийг дэмжихэд зориулах болсон. Өөрөөр хэлбэл, иргэддээ хүртээх хэлбэр рүү орсон. Энэ сангийн зээл нь нэг хувийн хүүтэй байсан. Улсын хэмжээнд одоо л дөнгөж орон нутгийн хөгжлийн сан гэж ярьж байхад бид үүнийг аль хэдийнэ байгуулчихсан байсан.

Тэр үед “Зоос” банкны захирал байсан Батбаяр “Бүх банкны зорьж байгаа зүйлийг Баянгол сумынхан хийчихсэн байна” гэж хэлж байсан. Үүнээс хойш их зүйл хийсэн. Бүх багууд контортой болж, “баг” хөтөлбөрийг улсын хэмжээнд ярьж эхлэхэд манайх аль хэдийнэ энэ хөтөлбөрийг нь хангачихсан байсан. Мөн зургаан настай хүүхдийн сургалт гэж улсад ярьж эхлэхэд бид аль хэдийнэ бэлтгэлийг нь хангаад, кабинетийг нь байгуулчихсан байлаа.

-Тэгвэл уул уурхай дагасан сум орон нутгийн хөгжил бусад сумаас түрүүлж явдаг юм байна тийм үү?

-Тийм шүү. Баянгол сум бусад сумын хөгжлөөс нэг алхам түрүүлж байсан нь уул уурхайн компанитай хамтран ажилласны үр дүн. Мөн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд засахыг нь засч, өргөтгөхийг нь өргөтгөсөн. Ингээд үндсэндээ нийгмийн гол гол асуудлуудыг шийдсэн учраас иргэд рүүгээ хандаж, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр 1.8 км хатуу хучилттай авто зам тавьж, мөн ийм хэмжээний газар замын гэрэлтүүлэг хийж байсан.

Дээр нь “Хүнсний ногоо” хөтөлбөр гаргаад тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй, өрх толгойлсон иргэдэд газар олгоод бүгдийг нь хоршиж ажиллах нөхцөл боломж, мөн ажиллах техникээр хангаж, үрийг нь өгч дэмжсэн төсөл хэрэгжүүлсэн. Тухайлбал, одоогийн төлөвлөлт, төвлөрсөн усан хангамж гээд яриад байгааг бид тухайн үед хийсэн.

Бид сумынхаа хойд энгэрийн бүх айлын хашаанд цэвэр ус оруулж өгсөн. Хоёр гурван худгийг хооронд нь холбоод даралтаар гудамж бүрт, айл бүрт ус хүргэж байсан. Энэ бүхний үр дүнд Сэлэнгэ аймгийн Баянгол сум төр засгийн аливаа ажлын үзүүлэлт, үнэлэлт дүгнэлтэд байнга тэргүүн эгнээнд орж байсан.

Өөрөөр хэлбэл, “Бороо гоулд” компанитай хамтран ажилласны үр дүнд сум орон нутгийн өнгө үзэмж сайжирч, иргэдийн амьдрал ахуй дээшилж, ажилгүйдэл, ядуурлын төвшин бусад аймаг сумдын дунджаас бага байдаг байсан. Жишээ нь, намайг ажиллаж байх үед улсын хэмжээнд хоёрхон удаа уралдаан зарлагдаж байсан.

Нэг нь соёлын төвүүдийн дунд, нөгөө нь АББТ-ийн дунд уралдаан болж улсад соёлын төвөөр хоёрдугаар байранд, нөгөөдөхөөр нь гуравдугаар байранд орж байсан. Тэгээд бид аймгийнхаа тэргүүний сум болсон. Бүсийн тэргүүний сум болохоор үзүүлэлтээ хүргүүлсэн байсан. Энэ бүгд хангагдаад улсын тэргүүний сум болсон. Энэ бүхэн энэ компанитай хамтран ажиллаж байсны л үр дүн.

Энэ мэтчилэн сумын иргэдийнхээ амьдрал ахуй, ажил хөдөлмөрийг нь дэмжсэн, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийг сайжруулсан олон ажлууд 2003-2009 онд буюу намайг Засаг даргаар ажиллаж байх үед хийсэн. Энэ зургаан жилийн хугацаанд 1.500.000 ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөг гэсэн үг. 2009 онд миний бие Засаг даргын ажлаа өгөхдөө 384 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд нь үлдээсэн.

Бусад нь ямар нэгэн байшин барилга барих, иргэдийн амьдрал ахуйг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд зориулагдсан байсан. “Бороо гоулд” компани ганц манай сумаар зогсохгүй, Мандал сум, аймгийн төвд мөн хэмжээний хөрөнгө, санхүүг өгдөг байсныг санаж байна. Жишээ нь, аймагт Хүүхдийн ордон байгуулахад, Спортын ордонг засварлахад гээд үзүүлсэн дэмжлэг нь их.

Баянгол суманд төрөөс 100 гаруй сая төгрөг өгдөг байсан. Тэгэхэд тэр үеийн 300 сая төгрөг гэдэг бол үнэхээр сум хөгжих үндэс нь болсон их мөнгө шүү дээ. Үүний үр дүнд ч Баянгол, бас Мандал сум улсын тэргүүний сум болж чадсан байх.

-Тэгвэл Мандал сумын нутаг дахь Гачууртын үндсэн орд ашиглалтад орвол тухайн орон нутгийн хөгжилд сайнаар нөлөөлөх болов уу. Та юу гэж бодож байна?

-Нэг талаас нутаг орныг хөгжүүлэхээс гадна олон хүнийг ажлын байраар хангана гэж бодож байна. Намайг сумын Засаг даргаар ажиллаж байх үед манай сумаас 84 хүн үйлдвэрт, мөн 90 гаруй хүн компанийн туслах үйлчилгээнд гээд 170 гаруй хүн ажилладаг байсан.

Ялангуяа үндсэн 84 ажилтан бол тэр үед сард сая гаруй төгрөгийн цалин авч байсан. Ингээд цалин өндөр болоод ирэхээр айл өрхийн амьдрал сэв хийтэл босоод ирдэг юм билээ. Би 2004, 2005 оны асуудлыг ярьж байна шүү. Тэр үед ажиллаж байсан залуучууд одоо бүгдээрээ Дархан, Улаанбаатар хотод байртай, унаатай, үр хүүхэд нь гадаад, дотоодод сурдаг гээд амьдрал нь улам сайжирсан.

Энэ компани сум орон нутагтай маш сайн хамтарч ажилладаг. Ажлын байр гарлаа гэхэд эхлээд Баянгол сумаас л ажилчин авдаг. Энд мэргэжил шалтгаална л даа. Мэдээж багш хүнээр уулын инженер хийлгэх хэцүү шүү дээ. Гэхдээ л Баянголоос эхлээд сонголтоо хийдэг. Үүний зэрэгцээ үндсэн ордын нэг давуу тал бол шороон орд шиг усыг бохирдуулаад байдаггүй.

Экологийн асуудлаар бас их зүйл хийдэг. Тиймдээ ч тэнд нутагшсан тарвага одоо ч байгаа. Гөрөөс нь ч, ургамал нь ч байгаа. Нөхөн сэргээлтийг ном дүрмийнх нь дагуу хийх юм бол экологийн тэнцвэрт байдал алдагдахгүй гэдгийг энэ компани харуулсан. Гачууртын орд бол үндсэн орд. Энд тус компани их хөрөнгө оруулалт хийсэн. Миний харж байгаагаар Зүүнхараа замтай боллоо.

Түнхэлд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цех байгуулагдлаа. Энэ компани ч бизнесийн л байгууллага. Олон жил хөрөнгө мөнгөө энэ ордод зарцууллаа шүү дээ. Тэгэхээр үйл ажиллагааг нь эхлүүлэхээр шийдвэл шийдэх л хэрэгтэй.

Ингэснээр Хараагийн бүсийнхний амьдрал ахуй дээшилнэ. Ер нь баг хөгжөөд сум, сум хөгжөөд аймаг хөгжинө шүү дээ. Иргэн баян бол улс баян гэдэг дээ. Тэгэхээр Гачууртын төсөл хэрэгжих юм бол үр дүнтэй л гэж бодож байна.

Н.Оюунмаа

Эх сурвалж: