sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.11.27/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл хууль санаачлагчийн илтгэлдээ, соёлын өрсөлдөөн дунд аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, өөрийн уламжлалт зан заншил, соёлоо хамгаалах, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан даяаршихын тулд Монголын түүх, үндэсний соёл, зан заншил, ахуйг харуулсан радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Засгийн газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-д “Телевизэд тусгай зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүйг нь үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээл байх зохицуулалтыг гэрээнд тусгаж байх”-ыг заасан.

Гэвч өнөөдөр үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээл нь нийт агуулгын эзлэх хувьдаа хүрэхгүй байсаар байна гэдгийг онцлов.

Иймээс телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, хэрэглэгчийг үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээлээр хангах, үндэсний соёл, зан заншлыг хөхиүлэн дэмжих шаардлагыг харгалзан Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2 зүйл бүхий хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний соёлыг хамгаалах хэрэгцээ өсч, үндэсний уран бүтээлчдийн эрэлт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ гэж салбарын яам үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Д.Дэмбэрэл нар асуулт асууж тодруулав. Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, шинжлэх ухаан, танин мэдэхүй, спорт зэрэг гадаад нэвтрүүлгүүдэд ямар нэг хязгаарлалт тавигдахгүй, түүнчлэн гадаадын телевизүүдэд бэлтгэсэн уран сайхны нэвтрүүлгийн зохиогч, найруулагчийн аль нэг нь монгол хүн байгаа, зураг авалтыг Монголд хийсэн тохиолдолд монгол контентэд тооцно. Ер нь ингэж квот тавьснаар асуудлыг амжилттай шийдэж зохицуулсан бусад орны туршлага байдаг.

Нэвтрүүлгийн агуулгад төрийн зүгээс оролцохгүй, харин үзэгчдээр үнэлүүлэх замаар чанарыг сайжруулж, өрсөлдөөнөөр шийдүүлэхийг зорьж байгаа. Уран бүтээлчдийн өргөдөл, хүсэлтийг Соёл, урлагийг хөгжүүлэх санд ирэх оны 2 дугаар сарын 26-ыг хүртэл битүүмжлэн хүлээн авахаар төлөвлөж байна. Төслүүдийг телевиз, радио, кино гэсэн чиглэлээр хүлээн авч шалгаруулах ажлын хэсэг гаргаж ажиллуулах юм. Гол нь оюуны өмчийн ямар нэг зөрчилгүй байх шаардлагыг хангасан байх ёстой гэдгийг хэллээ.

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, А.Тлейхан, Д.Батцогт, Р.Гончигдорж, Ё.Отгонбаяр нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад нэггдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 31 нь буюу 54.4 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар танилцуулсан юм.

Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 нь буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь, нийслэлд 74900 хүүхэд байгаагаас 21400 нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй аж.

Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нөөц боломжоос хамаарч одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд 2-5 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах боломжгүй байгаа. Иймээс дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан 8 бүлэг 17 зүйл, 68 хэсэг, 10 заалт бүхий Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулжээ. Эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн төслөөр зохицуулахаар тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, З.Баянсэлэнгэ, Д.Зоригт нарын асуултад Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, ниймгийн бодлогын зөвлөх Р.Болд, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгсөн юм.

УИХ дахь намын бүлгүүд болон Хууль зүйн байнгын хороо хуралдахаар болсон тул УИХ-ын дарга чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг 12 цаг 10 минутад завсарлууллаа.

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.