sonin.mn

МАДРИД. /ITAR-TASS/. Америкийн “Google” компани үндсэндээ АНУ-ын Засгийн газар тодруулбал, Төрийн департаментын талд ажилладаг гэж “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн номд дурджээ. Түүний ном ирэх сарын 1-нд худалдаанд гарна. Энэ тухай Испанийн “Publico.es” цахим сонинд мэдээлсэн байна.

Тус сонины мэдээллээс үзвэл, “Google” компанийн ерөнхийлөгч Эрик Шмидт, тус компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Жаред Коэн нартай 2011 оны зургадугаар сард уулзсаныхаа дараа Ассанж ийм дүгнэлт хийжээ. “WikiLeaks”-ийг үндэслэгчийн хожим нь олж мэдсэнээр, Вашингтоны дипломат элч төлөөлөгчид байсан Лиза Шилдс, Скотт Малкомсон гэдэг хоёр хүн Англид болсон уг уулзалтад оролцсон байна. Уулзалтын үеэр хийсэн бүх яриаг Ассанж номдоо дэлгэрэнгүй бичжээ.

“Эрик Шмидт бол зөвхөн “Google”-ийн элч биш байж болох бүрэн магадлалтай гэдгийг би чухам тэр үед ойлгосон. Надтай дөрөвний нэг нь “Google”-ийн болон дөрөвний гурав нь АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчдөөс бүрдсэн бүлэг хүн уулзсан” гэж түүний номд дурдсаныг тус хэвлэл иш татжээ.

Ассанжийн үзэж буйгаар, хайлтын системийг эзэмшигч тус компани АНУ-ын Тагнуулын алба болон Холбооны тагнан мөрдөх товчоонд хэрэглэгчдийнхээ цахим хуудсанд орох бараг хязгааргүй боломж олгодог байна. Ийм боломжийг эдгээр байгууллагын ажилтнууд Прокурорын газрын зөвшөөрөлгүйгээр авах боломжтой гэж “WikiLeaks”-ийг үндэслэгч үзэж байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: