sonin.mn

БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, хурандаа Х.Батсүхтэй ярилцлаа.

-Саяхан УИХ-аар ирэх оны улсын төсвийг баталлаа. Батлан хамгаалах яамны хувьд 2015 оны төсөв хэрхэн батлагдав?

-Сүүлийн хоёр жил дараалан төсвийн тодотголоор яамдуудын төсөвт хасалт хийгдэж байгаа. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэж, боловсруулсан “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 оны төсвийн хязгаар”-ын Засгийн газрын тогтоолын төслийг 6 дугаар сарын 25-ны өдөр баталсан.

БХЯ-ны зүгээс батлагдсан төсвийн хязгаар, төсвийн төсөл бэлтгэх удирдамжийн дагуу Батлан хамгаалахын сайдын 2015, 2016-2017 оны төсвийн төслийг боловсруулан хуулийн хугацаанд Сангийн яаманд хүргүүлсэн.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг УИХ 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан. УИХ-аар хэлэлцсэн 2015 оны төсвийн тухайд бичиг хэрэг, шуудан холбоо, ном хэвлэл, багаж техник хэрэгсэл, урсгал засварын зардлыг 20 хувиар, хууль хүчний байгууллагыг оролцуулахгүйгээр тээвэр шатахууны зардлыг 30 хувиар, боловсрол, эмнэлгийн байгууллагуудыг тооцохгүйгээр хоол хүнсний зардлыг 10 хувиар, нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардлыг 5 хувиар хасаж төсвийг батлах шийдвэр гарсан.

Манай салбарын хувьд системийн нийт дүнгээр авч үзвэл 2015 оны төсөв 201,345.1 сая төгрөгөөр батлагдсан нь 2014 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад 5,901.6 сая төгрөгөөр хасагдаж батлагдлаа.

- Тухайлбал, төсвөөс ямар зардлууд хасагдсан бэ?

-Зардлыг зүйл ангиллаар авч үзвэл хөрөнгө оруулалтын төсөв 12,171.1 сая төгрөгөөр, Зэвсэгт хүчний хөгжлийн сан 5.0 тэрбум төгрөгөөр, томилолт, зочны зардал 270.1 сая төгрөгөөр, эд хогшил, урсгал засварын зардал 161.4 сая төгрөгөөр, ном хэвлэлийн зардал 43.9 сая төгрөгөөр, бичиг хэргийн зардал 21.7 сая төгрөгөөр, бараа ажил үйлчилгээний бусад зардал 496,6 сая төгрөгөөр тус тус хасагдсан.

Харин цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал 9,840.9 сая төгрөгөөр, БХИС-ийн “Тэмүүжин-Өрлөг” дунд сургууль, “Алдар” спорт хорооны биеийн тамир, спортын цогцолбор, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн барилга, байгууламж болоод бусад бүтээн байгуулалттай холбоотойгоор тогтмол зардал буюу гэрэл цахилгаан, түлш халаалт, цэвэр бохир усны зардал 1,211.3 сая төгрөгөөр, тээвэр, шатахууны зардал 658.8 сая төгрөгөөр, эм бэлдмэлийн зардал 94.6 сая төгрөгөөр, нормын хувцас зөөлөн эдлэлийн зардал 972.9 сая төгрөгөөр тус тус нэмэгдэж батлагдлаа.

УИХ-аас 2015 оны төсвийг хэмнэлтийн горимд шилжсэн нөхцөлтэйгөөр батласантай холбоотойгоор гол хасагдсан төсвүүдийн тухайд зөвхөн он дамжин хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлуудыг үргэлжлүүлэхээр тогтож, шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөвт суулгахгүй байхаар тогтсон.

Эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэсэн энэ цаг үед төсвийн шат шатны захирагч нар төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.