sonin.mn

Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэв. Гишүүдийн олонхи нь уг хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжсэнээр холбогдох байнгын хороо руу шилжүүлсэн юм.

Ц.Оюунгэрэл сайдын өргөн барьсан уг хуулийн төслийн агуулга нь телевиз, кинотеатрын орчинд монгол уран бүтээлийн эзлэх хувийг тогтоох тухай юм.  Тодруулбал, телевизийн уран сайхны хөтөлбөрүүдийн 50-иас доошгүй хувьд монгол кино гаргах.

Харин 60-аас доошгүй хувьд хүүхэлдэйн кино гаргаж байхаар хуульчилсан юм. Харин үүнийг Д.Сарангэрэл гишүүн хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд мэргэжлийн хүний хувьд "Ийм боломжгүй" хэмээн тайлбарласан. Ингээд Соёлын тухай хуульд оруулахаар бэлтгэж байгаа хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Соёлын тухай хуулийн теслийн өөрчлөлтөд тусгасан эаалтуудыг ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ?

-Үндэсний ёс заншил, өв соёлоо хөгжүүлье. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүргээ гүйцэтгэх хэрэгтэй гэдэг шаардлагыг би хувьдаа дэмжиж байгаа. Үүнд телевизүүд ч эсрэг байр суурьтай байна гэж бодохгүй байна. Манай хэвлэл мэдээллийнхэн бүгд санал нэгтэй байгаа.

Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, манай улсад эх оронч үзэл харьцангуй хөгжчихсөн, мэргэжлийнх нь нөлөө үүнд тусгалаа олчихсон хүмүүс бол хэвлэлийнхэн гэж би боддог. Тийм учраас Ц.Оюунгэрэл сайдаас дутахгүйгээр үндэснийхээ өв соёлыг хөгжүүлье, энэ чиглэлд хэвлэл, мэдээллийн төлөөллийн үүргээ биелүүлье, оролцъё гэдэг санал санаачлага сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд Засгийн газраас илүү байгаа гэдэгт итгэдэг.

Хамгийн гол нь Ц.Оюунгэрэл сайдын өргөн барьж байгаа Соёлын тухай хуулийн төслийг би хувьдаа амьдралд нийцэхгүй, цаг нь болоогүй хуулийн төсөл өргөн барилаа гэж үзэж байгаа. Хувийн чөлөөт телевизүүд бүү хэл, МҮОНРТ ч даахгүй хэмжээний ачааг үүрүүлэх хуулийн төсөл бариад ороод ирж байна. Би хувьдаа аливаа хууль амьдрал нийцэж, хөрсөнд буусан байх ёстой гэж үздэг.

-Хөрсөнд буугаагүй гэдгээ тайлбарлана уу. Хуулийн өөрчлөлтөд тусгаснаар телевизийн нийт эфирийн 50-аас доошгүй хувьд монгол кино гаргах боломжгүй гэсэн үг үү?

-Өнөөдөр МҮОНРТ-ийн нийт нэвтрүүлгийн 70-аас доошгүй хувь нь зөвхөн хүүхдийн нэвтрүүлэг байх ёстой гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл, өдөржингөө хүүхэлдэйн кино үзүүлээд, хүүхдийн нэвтрүүлэг хийгээд суух юм гэнэ.

Дэлхий нийтэд байдаггүй жишиг ярьж байна шүү дээ. Харин чөлөөт телевизүүдийн тухайд 50-аас доошгүй хувьдаа хүүхдийн нэвтрүүлэг хий гэж байна. Мөн уран сайхны киноных нь 50 хувь нь монгол байг гэж байна. Гэтэл өнөөдөр улсын хэмжээнд 180 монгол кино байна. Энэ хэдэн киногоо телевизүүд хэчнээн өдөр үзүүлэх юм бэ. Цаг үеэ олсон, амьдралд нийцсэн, тооцоо судалгаатай хуулийн төслийг өргөн барьж, оруулж ирэх хэрэгтэй шүү дээ.

-Гэхдээ энэ хуулийг байнгын хорооны хурлаас дэмжээд чуулган руу оруулаад ирсэн шүү дээ?

-Дахин хэлэхэд аливаа хууль амьдралын хөрсөнд буусан механизмтай байх ёстой. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр энэ хууль үндсэндээ олонхийн дэмжлэг аваагүй.

Харамсалтай нь Ц.Оюунгэрэл гишүүн босч гүйж бусад гишүүний өмнөөс товчлуур дарснаар хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дэмжлэг авсан л даа. Байнгын хороон дээр ийм байдал гаргасанд би харамсч байгаа.

Салбарын сайд нь хууль зөрчөөд бусад гишүүний эрхэнд халдаад товчлуур дарж гүйгээд байхад байнгын хороооны дарга тэр хүнд ямар ч шаардлага тавихгүйгээр энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дэмжлэгийг бодит бусаар гаргуулж байх жишээтэй.

Үндсэндээ хүний өмнөөс кноп дардаг байдлаар хуульд хандаж байгаа учраас гарч байгаа хуулиуд амьдралд нийцэхгүй, хэрэгжихгүй байгаагийн үндсэн шалтгаан нь энэ.

-Соёлын тухай хуульд хэчнээн өөрчлөлт оруулж байгаа юм бэ. Зарим гишүүн "Чуулганаар хэлэлцээд байх асуудал биш” гэдэг шүүмжлэл хэлж байсан?

-Ердөө 2-3-хан заалтыг Соёлын тухай хуульд оруулахаар өөрчилсөн байгаа юм. Үүнийг уг нь мэргэжлийн холбоод нь өөрсдөө ярилцаад шийдчих байтал төр заавал оролцох гээд байна шүү дээ.

Үндсэндээ бид таван тэрбум төгрөгийн тендер зарлаж байна л гэсэн үг.  Өнөөдрийн байдлаар 142 телевиз манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнээс 16 нь агаарын, 55 нь кабелийн суваг, Үлдсэн нь орон нутгийнх байдаг.

Гэтэл 180-хан кинотой Монгол Улсын 142 телевиз өдөрт хоёр кино гаргалаа гэхэд нэг нь монгол гэж байна шүү дээ.  Хаана байна, тэр олон монгол кино. Ийм л амьдрал. дээр хэрэгжихгүй хуулийн төсөл гаргаж ирээд гишүүдэд мессеж бичиж ухуулаад дэмжлэг авч байна шүү дээ.

Ц.Оюунгэрэл сайд нийгмийн баялаг бүтээх салбарт ажиллаж байгаагүй, бэлэн юман дээр эөвлөх, сайд дарга хийгээд явчихсан учраас энэ салбарт үйлээ үзэж, хүч хөдөлмөрөө бүгдийг нь зориулж байгаа хэвлэлийн салбарыг дампууруулах үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаад мэргэжлийн хүний хувьд маш их харамсч байна. Тийм ч учраас хэвлэл мэдээллийнхэн ч бас үүнд байр сууриа илэрхийлэх ёстой гэж хувьдаа үзэж байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: