sonin.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар найман хуулийн төсөл хэлэлцэх тов гарсан байсан ч үдээс өмнө Гэр бүлийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн.

Харин Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон ч дахин хуралдсангүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өргөн мэдүүлж байгаа.

Энэ хуулийн төслийг баталснаар хичээлийн шинэ жил эхлэх болгонд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр урт дараалал үүсэх, танил тал хайх, хээл хахууль өгөх гэх мэтчилэн нийгмийн сөрөг үзэгдлүүд багасна гэсэн тооцоотой байгаа. Хамгийн гол нь цэцэрлэгт явахгүй байгаа бяцхан үрс энэ хууль гарснаар цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм.

Төрийн зохицуулалтаар гэртээ байгаа хүүхдүүд цэцэрлэгт явснаар эцэг эхчүүдэд хөдөлмөр эрхэлж өрхийн амьдралаа сайжруулах боломж нээгдэнэ хэмээн ажлын хэсгийнхэн тайлбарлаж байна.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 54.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ. Санхүүжилтийг төрөөс тодорхой хэмжээгээр гаргахаас гадна эцэг, эхчүүд сард дунджаар 60-80 мянган төгрөгийн татаас авах урьдчилсан тооцоо гаргажээ. Гишүүдийн зүгээс хүүхдүүдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг хууль санаачлагчаас тодруулж байлаа.

Энэ хуулийн хэрэгжилтэд хүүхэдтэйгээ хамгийн ойр байдаг эцэг эхчүүд хяналт тавих ажээ. Тэдний мэдээллийн мөрөөр Мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт шалгалт давхар тавихаар хуульд зааж өгчээ. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, дунд болон түүнээс дээш боловсролтой 18-60 насны иргэн байна хэмээн заажээ.

Гадаадын өндөр хөгжилтэй оронд хүүхдэд нойрсуулах эм өгч унтуулах, бага насны хүүхдэд гар хүрэх зэрэг тохиолдол цөөнгүй гардаг учраас ажлын хэсгийнхэн ийм эрсдлийг ч тооцоолж үзсэн байна. Тиймээс цэцэрлэгт хяналтын камерыг тогтмол ажиллуулах, хүн амьдарч байгаа гэр, орон сууц, байшинд хүүхэд харахыг хориглох, хүүхдийг цахим хэрэгслээр хараа хяналтгүй тоглуулах, өдөрт 30 минутаас дээш зурагт үзэхийг хязгаарлах гэх заалт оруулсан байна.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, З.Баянсэлэнгэ, Д.Зоригт нарын гишүүн энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлснээр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарласан. Харин үүний өмнө хэлэлцсэн Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Учир нь энэ хуульд МҮОНРТ- ийн нэвтрүүлж байгаа уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан, 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байхаар заасан. Телевизийн нийт эфирээр дамжуулж байгаа уран сайхны нэвтрүүлгийн 50 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан, уран сайхны болон олон ангит киноны 50 хувиас доошгүй хувь нь үндэсний кино гаргахаар хуульчилсан.

Өв соёлоо үр хүүхдүүддээ түгээн дэлгэрүүлэх, үндэсний нэвтрүүлгийг дэмжихэд улсын төсвөөс таван тэрбум төгрөгийн санхүүжилт гаргах юм байна. Үүнийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан энэ хуулийг телевизүүдийн дунд авлигын уралдаан зарлаж байгаагаас ялгаагүй явдал хэмээн дүгнэв.

Тэрбээр “Нэртэйгээр нь зоогийн газрын хоолны цэсний 60 хувь нь монгол хоол, долоо хоногийн гурван өдөрт нь морио унаж, монгол дээлээ өмсөнө гэж хуульчлах юм уу. Төр бүх салбарын асуудалд үсчиж орохоо болих хэрэгтэй. Үүний оронд олон улсад Монголынхоо нэр хүндийг гаргаж, урлагийн өндөр амжилт үзүүлсэн уран бүтээлчдээ дэмжих ёстой.

Наанадаж аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд Ц.Оюунгэрэл гишүүн та Казиногийн хуулийн төслөө оруулж ирэх шаардлагатай. Ер нь энэ хуулийн цаана мөнгө явж байна. Соёл урлаг хариуцсан яамнаас ийм хууль оруулж ирж болохгүй. Би дэмжихгүй” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “АН-ынхан барууны нам. Зах зээлийн эдийн засгийг эрхэмлэдэг биз дээ.

Засгийн эрх барихаараа яагаад хуулиар хүчирхийлдэг юм бэ. Үндэсний хэмжээнд цацаж байгаа 50 суваг сурталчилгаагаа хуваахаар зардлаа хэрхэн нөхөх вэ. 1990 оноос өмнө хийсэн хэдэн монгол киногоо хамгийн ихдээ бүтэн сар үзүүлнэ биз дээ. Энэ буруу зохицуулалт явж байна. Таван тэрбум төгрөг 140 гаруй телевизийн аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусна. ССАЖЯ дээр баахан лобби явна.

Телевизүүд нэгнийгээ муу, сайн гэж муучилж эхэлнэ. Салбар нь өөрсдийнхөө бодлогыг гаргаад түүнийг нь төрөөс дэмжээд явах хэрэгтэй. Тэгэхгүй төр уран сайхны кино, нэвтрүүлэг хийх гээд уралдаад байх шаардлагагүй.

Төрийн хийсэн нэвтрүүлэг гэж хүн үзэж, нохой шиншлэхийн аргагүй зүйл болно шүү дээ. Бусад арилжааны телевизээс арав дахин орон тоотой үндэсний телевиз арилжааны телевизтай адилхан контент бэлтгэж байна. Төрийн менежментийн царай энэ. Би өнөөдөр энд барууны үзэл яриад АН- ынхан дуугүй сууж байгаад ичиж байна. Түүхэн, хүүхдийн бүтээлийг дэмжих хэрэгтэй гэдэгт санал нэг байна.

Төсвөөс өгч байгаа мөнгөө дагаад телевизийн нэвтрүүлэгт төрийн хяналт орж эхэлнэ. Ингээд бид социализмын үе рүүгээ буцна гэсэн үг. Манай АН- ын нөхдүүд социалист, коммунист нийгэмдээ тавтай морилоорой” гэв.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: