sonin.mn

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хөгжлийн салбар (ITU-D)-ын гишүүн байгууллагын хувьд Хүүхдийг цахим орчинд хамгаалах санаачилгыг бусад улс орнуудын адил дэмжин ажилладаг юм. Энэ хүрээнд үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж зөвлөгөө өгч, өөрийн цахим хуудаст хэрэглэгчийн булан нэртэй цэс үүсгэн “Хүүхдийг цахим орчинд хамгаалах” тухай уриалгыг орчуулан нийтэлж, олон нийтэд түгээж буй.



Энэхүү уриалга, санаачилгыг илүү өргөжүүлэн www.cybersafety.mn цахим хуудсыг тусгайлан үүсгэн хөгжүүлж байна. Уг хуудсаар дамжуулан хүүхэд багачууд, өсвөр насныхан, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд цахим орчны аюулгүй байдал, цахим тоглоом, интернэтийн зүй зохистой хэрэглээний тухай энгийн ойлгомжтой мэдээ мэдээллийг түгээх юм. www.cybersafety.mn цахим хуудсанд байршуулсан мэдээ мэдээлэл, олон улсын байгууллагаас гаргасан санал санаачилгуудын орчуулга, бусад орны энэ чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын тухай туршлага солилцох мэдээллүүд болон судалгааны зарим материал нь та бүхэнд цахим орчны аюулгүй байдал, тэр дундаа хүүхдийг энэ орчинд хэрхэн хамгаалах талаар мэдлэгт нэмэр болно гэдэгт найдаж байна. Мөн хүүхдийг цахим орчинд хамгаалах талаар иргэд, байгууллага, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч хүн бүрийн санал сэтгэгдлийг хүлээн авах юм байна.



Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-аас 2008 оны 11 дүгээр сард Дэлхийн кибер аюулгүй байдлын хөтөлбөр (Global Cybersecurity Agenda)-ийн хүрээнд Хүүхдийг цахим орчинд хамгаалах (Child Online Protection - GOP) санаачилгыг дэвшүүлсэн байдаг. Энэхүү санаачилга нь мөн 2008 онд Нэгдсэн үндэсний байгууллага, түүний гишүүн орнууд болон салбар байгууллагуудын удирдлага, олон улсын байгууллагуудад хүлээн зөвшөөрөгджээ.