sonin.mn
 
 
Баримт 4
Тоног төхөөрөмжөөр хийгдсэн зээлийн санхүүжилт 
 
(Энэхүү баримтуудыг уншихдаа дурдагдсан мөнгө болгоны 34 хувийг монголчууд хүүтэй нь, хүүгийн хүүтэй нь төлж байгаа өр гэдгийг бүү мартаарай!)
Оюутолгой төслийн ажлыг эхлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг Швед, Ирланд, Канад, АНУ, БНХАУ, ХБНГУ, Финланд зэрэг улсын 19 компаниас 2007-2008 онд худалдан авсан байна. 
 
Харин 2008 оны 8-р сарын 13-нд RIO TINTO ALKAN PTE LTD, IVANHOE MINES MONGOLIA INC.LLC, IVANHOE MINES LTD гэсэн гурван компанийн хооронд тоног төхөөрөмжийн захиалгын эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байна. Тус гэрээ ёсоор худалдан авагч нь RIO TINTO ALKAN PTE LTD, худалдагч тал нь  IVANHOE MINES MONGOLIA INC.LLC байна. 
 
Гэрээ ёсоор IVANHOE MINES MONGOLIA INC.LLC буюу Оюутолгой ХХК 121,5 сая ам.долларын өртөг бүхий дээрх тоног төхөөрөмжийг RIO TINTO ALKAN PTE LTD-д худалдсан бөгөөд төлбөрийг IVANHOE MINES LTD буюу одоогийн TURQUOISE HILL RESOURCES компанийн дансанд хийсэн байна. 
 
Гэтэл дээрх тоног төхөөрөмжийг RIO TINTO ALKAN PTE LTD компани Оюутолгой ХХК-д 195,4 сая ам.доллараар тооцон буцаан худалдсан дүнгээр өрийн бичиг гаргасан байна. Анх худалдан авсан үнэ дээр 73,8 сая ам.доллар нэмэгдсэн шалтгаан нь RIO TINTO ALKAN PTE LTD-с бэлтгэн нийлүүлэгч талд 56,9 сая ам.доллар төлсөн, менежментийн төлбөрт  2,4 сая, хүүд 14,2 сая, хуулийн төлбөрт 0,3 сая ам.доллар тус тус төлсөн гэж тайлагнажээ. 
 
Өрийн бичгийн дүн болох 195,357,117.42 ам.долларыг 2010 оны 3дугаар сарын 18-наас эхлэн балансанд тусган хүү тооцож эхэлжээ. Хүүг бодохдоо хувь нийлүүлэгчийн зээлийн адил 2010 онд жилийн 9,9 хувийн хүү дээр АНУ-ын ХҮИ (хэрэглээний үнийн индекс буюу инфляци Г.У.)-г тооцсон дүнг нэмж тооцон 2011 оноос 6,5 хувийн хүү дээр LIBOR хүүг нэмж тооцжээ. 2012 оны жилийн эцсийн байдлаар тоног төхөөрөмжийн үнэ, хүүгийн хамт 243,4 сая ам.доллар балансад тусгагдсан байна. Энэ нь холбоотой талууд хооронд хийгдсэн тодорхой бус нягтлан бодох бүртгэлийн харьцсан бичилтүүдээр илэрхийлэгдсэн гүйлгээнүүд байна. 
 
Тайлбар: Дээр дурдсан гадаад улсуудын 19 компанитай гэрээлж тоног төхөөрөмж худалдан авах ёстой байтал яагаад ч юм Оюутолгой компани хөрөнгө оруулагч тал буюу Рио Тинтод 121,5 сая долларын өртөг бүхий тоног төхөөрөмж худалдсан байх юм. (Уг тоног төхөөрөмжүүдийн, жагсаалт, зориулалт,  үнэ, худалдан авсан гэрээ нэг бүрийг ажлын хэсэг тулгаж үзсэн эсэх нь шалгалтын материалд тодорхой бус байна. Хэрэв эдгээрийн дотор гэрээ байгуулагдахаас өмнөх хайгуулын ажилд ашиглагдсан тоног төхөөрөмж байгаа бол анхны хөрөнгө оруулалтад орох ёсгүй. Учир нь хайгуул бол цэвэр хөрөнгө оруулагч тал дангаараа үүрэх ёстой зардал).  Мөнөөх тоног төхөөрөмжийг Рио Тинто буцаагаад Оюутолгойд худалдахдаа 73,8 сая доллар нэмсэн байх юм. Ингэж худалдсан дүнгээ өрийн бичгээр балансдаа тусгаад энэхүү дүнгээсээ хүү тооцож эхэлсэн байна. Хүүг тооцохдоо жилийн 9,9 хувь дээр нэмээд АНУ-ын инфляцийг тооцож нэмдэг байжээ. Ингээд 2012 оны жилийн эцэс гэхэд 243,4 сая ам.доллар буюу анхны үнээс  121,9 сая ам.доллараар буюу хоёр дахин их үнэтэй болсон байна. (Г.У.)
 
 
Баримт 5: 
 
Батлагдсан ТЭЗҮ-ийн ил уурхайн хүчин чадлыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн: 
Оюутолгой төслийн ил уурхайн үндсэн тоног төхөөрөмжийг анх ТЭЗҮ-д гурван ширхэг ил уурхайн экскаватор, нэг ширхэг хутгуурт ачигч, мөн нэг экскаватор бүхий ухаж ачих төхөөрөмжийн иж бүрдэл нь жилд 100 сая тонн уулын цул олборлох хүчин чадлыг хангана гэж тооцож ил уурхайн нэг экскаватор жилд 30 сая тонн уулын цул олборлох хүчин чадалтай ажиллахаар төлөвлөгдсөн байдаг. Үүнд ноогдох батлагдсан нийт зардал нь 262,0 сая ам.доллар боловч 2012 оныг дуусталх гүйцэтгэл нь 416,0 сая ам.доллар буюу 59%-аар (154 сая ам.доллар Г.У.) илүү байна. Энэ хэтрэлт нь уг ажлыг гүйцэтгэх экскаватор, автосамосвал, тэсэлгээний өрөм, бульдозер, грейдер, хутгуурт ачигч гэх мэтийн 35 ширхэг ил уурхайн үндсэн тоног төхөөрөмж байхаар ТЭЗҮ-д тусгасан боловч үүнээс одоо ажиллаж байгаа нь 52 ширхэг буюу 17 ширхэг онц шаардлагагүй тоног төхөөрөмжөөр илүү байгаатай холбоотой. 
 
Ингэж ТЭЗҮ-д тусгагдсан тоо хэмжээнээс хэтрүүлэн авснаар ил уурхайн хүчин чадлыг нэмэхээс илүү хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлсэн ба үүнтэй холбоотойгоор уг тоног төхөөрөмжийн элэгдэл,хоргодлын шимтгэлийн зардал нь давхар нэмэгдэхээр байна. 
 
Тайлбар: Зөвхөн тоног төхөөрөмж худалдан авахдаа 122 сая долларын ашиг Рио Тинто унагасан байна. Үүнийг бас л бага мөнгө гэж орхих ёстой юу?! 
 
Татварын өр 130 сая доллар бага мөнгө,  монгол гадаад ажилчдын цалингийн зөрүү бага мөнгө, Петровисийн дансаар дамжуулсан 3 тэрбум төгрөг бага мөнгө, тоног төхөөрөмж худалдан авах, худалдах ажиллагаанаас 122 сая доллар бага мөнгө, шаардлагагүй тоног төхөөрөмжийн худалдан авалт 154сая доллар бага мөнгө.... Тиймээ, “бага бага” мөнгөнүүд. Оюутолгойгоо гаднынханд ашиглуулаад бидний хүсч мөрөөдөж байсан ирээдүйтэй харьцуулах ч юм биш. Албан ёсоор батлагдаагүй ТЭЗҮ-д тусгагдсан анхны хөрөнгө оруулалт 5,1  тэрбум долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт 2 тэрбум долларын дэргэд бага мөнгө. Гэвч ийм луйврууд хуримтлагдсаар 2 тэрбум доллар болсон юм.  
 
УИХ-ын гишүүн Г.Уянга
 
Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн материалаас түүвэрлэн 4 дэх хэсгийг хүргэж байна.
Өмнөх материалуудыг http://www.sonin.mn/blog/uyanga/32200 болон
https://www.facebook.com/setguulchuyanga/posts/616558388454990 хуудаснаас олж үзнэ үү?/