sonin.mn
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах талаар хэлэлцэж буй АН болон МАН-ын зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ.
 
Удирдах зөвлөлийн хуралдаанаар Зөвшилцөх ажлын хэсгийн ажил удаашралтай, тодорхой үр дүнд хүрээгүй байгаа тул МАН-ын Бага хурлаар Засгийн газрын бүрэлдэхүүнд орох эсэхийг хэлэлцэх боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ.
 
Энэ сарын 24-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-д Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ахиллах санал ирүүлжээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын Су.Батболд гишүүнээр ахлуулсан Зөвшилцөх ажлын хэсгийг байгуулсан байна. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгүүд хэд хэдэн удаа уулзсан ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа учраас Удирдах зөвлөл өөрийн эрхийн дагуу Бага хурлын хуралдааныг хойшлуулсан. хэмээн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ.
 
Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
 
-Ажлын хэсгүүдийн уулзалт, зөвшилцөл яагаад удаашралтай байна вэ?
-Энэ сарын 24-нд МАН-ын Зөвшилцөх ажлын хэсгийг байгуулсан. АН-ын ажлын хэсэг биднийг уулзаж хоёр өдөр хүлээлгэсны эцэст энэ сарын 26-нд анхны уулзалтаа хийсэн. Үүнээс хойш хойш 4 удаа уулзсан. Зөвшилцлийн хурал дээр сайдын томилгооны асуудал огт яриагүй. Уулзалтаар эдийн хямралыг үргэлжлүүлэхгүйгээр хэрхэн даван туулах талаар байр сууриа илэрхийлсэн.
 
-МАН-ын бүлэг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг дэмжихгүй хэмээн УИХ-ын чуулганд оролцоогүй. Одоо Засгийн газрын бүрэлдэхүүнд орох талаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа нь ямар учиртай вэ?
-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг дэмжихгүй гэсэн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргасан. Энэ шийдвэрийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд ороогүй. Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах талаар зөвшилцөх саналыг МАН бус АН-аас гаргасан. Тиймээс манай нам улс төрийн ёс суртахууны үүднээс энэ асуудалд хандаж байгаа. Намын дүрмийн дагуу зөвшилцөх албан бичиг ирсэн тохиолдолд МАН-ын Бага хурал шийдвэрлэдэг.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг