sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС. /ITAR-TASS/. АНУ-ын Лос-Анжелес хотод гурав хоног үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагааны үеэр 338 хүн баривчлагдсан байна. Жагсагчид тус улсын Миссури муж улсын Фергюсон хотод 18 настай, африк гаралтай америк Майкл Брауныг өнгөрсөн зун буудан хөнөөсөн цагаан арьст цагдаа Даррен Уилсоныг шүүхэд татахгүй байх тангарагтны шүүхийн шийдвэрийг эсэргүүцжээ. Энэ тухай Лос-Анжелес хотын цагдаагийн газар мэдээлсэн байна.

Баривчлагдсан хүмүүсийн заримыг нь, тухайлбал, барьцааны мөнгө төлөөгүй хүмүүсийг Америкт 11 дүгээр сарын сүүлийн пүрэв гарагт тэмдэглэдэг Талархлын өдрийг тохиолдуулан суллах шийдвэрийг хотын цагдаагийн дарга Чарли Бек урьд нь гаргажээ. Энд цагдаагийн тушаалгүйгээр баривчлагдсан хүмүүс суллагджээ. Харин хэв журам сахиулагчдад халдсан, мөн бусад ноцтой хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүс суллагдахгүй байна.

“The Los Angeles Times” сонинд мэдээлснээр, ямар ч хууль бус үйлдэл гаргаагүй хүмүүсийг цагдаа нар баривчилж байсан гэж эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдын дийлэнх нь мэдэгджээ.

Лос-Анжелес хотод гурван өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагаанд хэдэн зуун хүн оролцжээ. Жагсагчид замын хөдөлгөөнд саад болон авто замуудыг хаахыг оролдсон байна. Тэд Уилсоныг, мөн зэвсэггүй хүмүүсийг хөнөөсөн бусад офицерыг шүүхэд татахыг шаардаж байжээ.

Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсны улмаас цагдаагийн нэг офицер шархадсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: