sonin.mn

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газар, Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, ШШГЕГ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНСВУ-ын ЭСЯ, БНФилУ-ын Өргөмжит консулын хамтарсан ажлын хэсэг хорих 407, 409, 421, 427 дугаар ангиудад ял эдэлж буй гадаадын 10 улсын 24 иргэнийг эргэжээ.

Хорих ангийн дотоод журмын дагуу ял эдэлж буй иргэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, нийгэмшлийн болон хүмүүжлийн ажилд идэвхитэй хамрагдаж байгаа бөгөөд ар гэрийнхнээсээ захидал, илгээмж хүлээн авч, 14 хоногт нэг удаа 10 минут утсаар ярьж байгаа ажээ.

Эргэлт, уулзалтын үеэр дээрх иргэдээс үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хорих ангийн удирдлага, алба хаагчид, хорих байрны талаар гомдол санал байхгүйг дурдаад тэднийг ийнхүү эргэж уулзан, санал хүсэлтийг нь сонсч буйд талархал илэрхийллээ. Мөн эдлээгүй үлдсэн ялыг эх орондоо эдлэх хүсэлтэй байгаа хятад, филиппин, украин ялтнуудад ХЗЯ-наас мэдээлэл, зөвлөгөө өгөв.

ГХЭЗХАЯ-ны Консулын газрын санаачилгаар хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй хүмүүнлэгийн зорилготой энэхүү эргэлт, уулзалт нь ялтнуудад сэтгэлийн дэм өгөх ач холбогдолтой байдагт ШШГЕГ-ын удирдлагуудаас талархал илэрхийлээд, цаашид гэмт хэрэгт сэжиглэгдсэн, саатуулагдсан, ял шийтгэгдсэн гадаадын иргэнд зайлшгүй шаардлагатай холбогдох хуулийн заалт, хэсгийг эх хэлээр нь орчуулсан гарын авлага хэвлүүлэх ажлыг Улаанбаатар дахь нийт ЭСЯ-тай хамтран зохион байгуулах санал гаргасныг төлөөлөгчид дэмжиж, 2015 онд баггаан хэрэгжүүлэхээр тогтлоо. Монгол Улсад нийт 11 улсын 31 иргэн 2-25 жилийн хорих ял эдэлж байна.

Н.Алт

Эх сурвалж: