sonin.mn

Баяр ёслол дөхөхөөр хэрэгцээт бараа үнэд орчихдог байсан цаг саяхан. Мөн хямдрууллаа гэх боловч худал үнэ шошго тавьчихдаг гэсэн шүүмж ч гардаг л байлаа. Харин өнөө жил шинэ оны хямдрал зарласан газрууд хуурсангүй гэж олон хүн ярьж байна.

Энэ бол шинэ жишиг, соёл тогтож байгаагийн илрэл юм. Нэг үе бүгд л ашгийн төлөө хомхойрон зүтгэж байсан цаг ард хоцорчээ. Монгол бизнесмэнүүд юм үзэж мөн чөмөг сууж байгаагийн илрэл юм.

Захаас нь дурдахад л “Аdidass”, “RееЬоk” зэрэг спорт барааны дэлгүүрүүд бараагаа 50 хувь хямдруулсан байна. “Миний сүлжээ” дэлгүүр амралтын өдрийн хямдрал зарлаж байна. Аялал жуулчлалын зарим компаниуд ч гадаад руу хийх аялалдаа хямдрал зарлажээ. Байгууллагынхаа шилдгийг тодруулаад гадаадад аялах эрхийн бичиг өгөхөд гар татаад байхааргүй л санал тавьсан байна лээ.

Ийн салбар бүрт л хямдрал өрнөж байгаа бололтой. Бүгдээрээ хямдраагүй ч жил ирэх бүр улам дээрдсээр бидний Америкт байдаг гэх хар баасан гаригтай болох цаг удахгүй болжээ.

Өнөөдрөөс эхлээд "Интерном” дэлгүүр тав хоногийн хугацаанд 5-50 хувийн хямдрал зарлажээ. Шинэ жилийн хамгийн эрэлттэй зүйл бол хэн нэгэнд тохирсон бэлэг өгөх байдаг. Харин номын дэлгүүр хямдрал зарласнаар ухаалаг бэлэг сонгох боломж төдий хэмжээгээр ойртлоо гэсэн үг. Ямар ч насны хүнд тохирсон номыг нь аваад бэлэглэчихвэл өглөгийн дээд болно.    

Баяр ёслол гэдэг элбэг дэлбэг яваадаа талархаж байгаа л хэрэг юм. Үүнийг хангалуун сайхан тэмдэглэхэд хямдраптай худалдаанууд нөлөөлөх нь гарцаагүй. Бид баярлаж, баярлуулж сурч байна даа.

Ж.Энх

Эх сурвалж: