sonin.mn

МҮОНРТ-ийн захирал Мянганбуугийн Наранбаатар гэгч эрхмийн хууль бус үйлдэл, шийдвэрүүд өдрөөс өдөрт зузаарч баримт болон үлдсээр байна. Ингэж хэлэхийн учир нь түүнийг хууль хяналтын байгууллага шалгах цаг нь болсныг сануулах олон шалтгаан байгаад юм.

Хэдийгээр тэрбээр МҮОНРТ гэх их айлыг есөн жил удирдахдаа өөрийнх нь төлөө юуг ч хийж, ямар ч хуйвалдаан зохиох чадвартай олон тооны тойрон хүрээлэгчдийг элдэв аргаар зангидаж чадсан ч аүүлийн үед аргагүй л үнэнд гүйцэгдэж, олон булхай, луйвар нь илчлэгдэж эхэлжээ.

Түүний МҮОНРТ-ийг хувийн компани мэт захирч, хөрөнгө санхүүгийн олон булхайтай үйлдэл хийхдээ гар нийлэн ажилладаг шадар хүмүүстэй болсныг МҮОНРТ-ийн уран бүтээлчид мэддэг хэрнээ өнөөдрийг хүртэл хүлцсээр иржээ. Энэ удаа М.Наранбаатартай холбоотой хууль бус олон үйлдлийн захаас нь цухасхан дурдаж байна.

МҮОНРТ хүчний байгууллагын хамгаалалт дор байх учиртай улсын чухал обьектийн нэг яах аргагүй мөн. Гэтэл М.Наранбаатар энэ бүхнийг умартан харуул хамгаалалтын албыг сонгон шалгаруулахдаа жинхэнэ ашиг сонирхлын зөрчлөөр асуудлыг шийдвэрлэжээ.

Өнөөдөр МҮОНРТ-ийн харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг "Барбаатар" ХХК-ийг ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүй улсын чухал обьектын харуул хамгаалтын ажлыг гүйцэтгүүлэх болсон байна. Хэдийгээр тэрбээр хууль зөрчиж тус компанийг сонгосон мөртлөө хачирхалтай луйварыг бас л хийгээд амжжээ.

Өөрөөр хэлбэл, МҮОНРТ-ийн харуул хамгаалтад уг нь 18 хүн ажилладаг юм байна. Гэтэл тэрбээр төсвийн мөнгийг хувьдаа халааслахын тулд 18 хүн биш бүр 59 хүн ажилладаг мэтээр цалин олгож сар бүр 47 сая төгрөгийг хамсаатнуудтайгаа хуваан завшдаг аж.

Бас нэгэн анхаарал татсан зүйл нь "Барбаатар" ХХК-ийг М.Наранбаатар өөрөө байгуулж төрсөн эгчийнхээ хүүхэд болох Б.Өлзийсайхан гэгчийг захиралаар нь томилсон байна. Түүнчлэн өөрийн төрсөн дүү М.Шатарын жолооч байсан Э.Батхуяг, Б.Батжаргал нарыг харуулын албаны даргаар авч өөрийнхөө эзэмшлийн Баянхошууны барилга, нэгдүгээр хорооллын тавилгын үйлдвэрээ мануулж, улсын мөнгөнөөс бас л хулгайлжээ.

Бас болоогүй, телевизийнхээ ажилчдад байр өгч байгаа нэрээр тэднээс байрны урдьчилгаа хэмээн 30 хувийг нь авчихаад Баянхошууныхаа барилгад дээрх хүмүүсийн мөнгийг оруулаад зогсохгүй ажилчдын байрны ихэнхийг нь өөрийн ах дүү, амраг садандаа хямд үнээр өгчээ.

Мөн грашийн нэг давхарыг бүгдийг нь түрээслэж мөнгийг нь хувьдаа авдаг мөртлөө ажилчдаасаа зогсоол, граш, СӨХ-ийн мөнгө нэхэж дарамталдаг байна. Энэ талаар тус телевизийн ажилчид олон нийтэд мэдээллэх гэхээр тэд нэгдүгээрт ажилгүй болно. Хоёрдугаарт байрны зээлтэй учраас нэр усаа гаргаж чадахгүй байна хэмээн учирлан тайлбарлацгааж байв.

М.Наранбаатарын хууль зөрчсөн үйлдэл нь хэрээс хэтэрсэн учраас тэрбээр үнэнч шударгаар ажиллах гэж ирсэн хүмүүсийг өөрийнх нь эгнээнд элсэн ороогүйд нь хорсож тэднийг ажлаас халдаг муу зуршилтай болж хувирсан байна.

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд тэрбээр МҮӨНТ-ийн зургаан захирлыг өөрийнх нь хууль бус үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөөгүйн төлөө халсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн даваа гарагийн 18:00 цагт долоо дахь захирал Д.Энхтуяа болон МҮОНРТ-ийн дэд дарга Ё.Батбаяр нарыг ажлаас нь халсан байна.

Тэднийг ялихгүй шалтаг заан ажлаас нь чөлөөлсөн бөгөөд хамгийн гол нь үүний цаана өөрийнх нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосонд хорсохдоо дээрх үйлдлийг хийснийг МҮОНРТ-ийн уран бүтээлчид дуу нэгтэй илэрхийлцгээж байгаа аж.

Болсон үйл явдлыг дурдвал М.Наранбаатар нь МҮОНРТ-ийн архивын сан хөмрөгийг "Ви Эс Эм" гэх нэртэй хувийн компанид бүрэн шилжүүлэн "online" хэлбэрээр борлуулалт хийлгэхээр хууль бус гэрээ хийж, олсон орлогыг 70:30 харьцаагаар хувааж авахаар зүтгэжээ.

МҮОНРТ-ийн архивын алтан сан хөмрөг нь Монгол Улсын архивын салшгүй нэгэн хэсэг бөгөөд төрийн өмч мөн гэж Олон нийтийн радио телевизийн хуулиндаа ч заасан байдаг. Нөгөөтэйгүүр монголын ард түмний бүтэн тавин жилийн туулсан замнал бүтээсэн түүх энд бий.

Монгол улсад ганцхан телевиз байсан тэр л үеэс монголын түүхийг бичих үйлсэд зүтгэсэн эгэл ард түмний он цагийг хэрхэн туулж өнгөрснийг батлах түүхэн баримтууд юм. Ийм ч учраас МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг Монгол улсын архивын нэгэн салшгүй хэсэг гэж үздэг.

Монгол Улсын соёл, түүхийн үнэт өв, нийт ард түмний өмч болсон телевизийн Алтан фондын үнэт бүтээлийг хулгайн аргаар хувилан олшруулж, ашиг хонжоо хөөцөлдсөн гэмт үйлдлийг таслан зогсоохоор МҮОНРТ- ийн дэд дарга Ё.Батбаяр, МҮОНТ-ийн захирал З.Энхтуяа, МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир нар тэрхүү гэрээ хийхийг зөвшөөрөөгүйн төлөө М.Наранбаатар хууль бус тушаал гарган дээрх хоёр хүнийг ажлаас халсан байна.

М.Наранбаатарын энэхүү үйлдэл нь Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хуулийн нэгдүгээр зүйл "... дахин дамжуулах техник станц болон үндэсний радио, телевизийн архивыг төрийн өмчид хэвээр үлдээсүгэй" мөн бидний өнөөдрийг хүртэл мөрдөн байгаа Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт "Олон нийтийн радио телевизийн архив Үндэсний төв архивын салбар ...Архивын тухай хуулиар зохицуулна" гэж тус тус заасныг зөрчиж байгаад бид дургуй байна.

Хамгийн гол нь "МҮОНРТ-ийн ажиллагсдын ёс зүйн дүрмийн нэгдүгээр зүйлийн 1,2 дахь заалт"... Ажилтан бүр ажил үүргээ гүйцэтгэхдээ иргэний эрхийг хүндэтгэх, бодит мэдээлэл олж авах, ил тод байдлыг эрхэмлэх, шударга ёсыг баримтлан өндөр ёс суртахуунтай байна. Мөн хоёр дугаар зүйлийн 2,5 дахь хэсэгт "... Ажилтан бүр бусад ажилтны нэр хүндийг хүндэтгэж тэдний нэр төрийг гутаан доромжлох эрхгүй" гэсэн заалтыг тус тус зөрчиж байгаа төдийгүй хамт олноо хүндэтгэхгүй байгаагийн илрэл юм.

Түүгээр ч зогсохгүй МҮОНТ-ийн захирал Б.Энхтуяаг эх хүний хувьд, салбар хариуцсан захирлын хувьд байж боломгүй дэндүү бүдүүлгээр доромжлон гутаасан төдийгүй, хөөж туун дарамталж, хаалга үүдийг нь өшигчин гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргажээ.

Мөн түүнчлэн МҮОНТ-ийн "ММ" агентлагийн захирал С.Батзаяа М.Наранбаатартай хамтарч "Цэвэр агаар сан"-гаас орж ирсэн 28 сая төгрөгийг "ММ" агентлагийн захирал гэсэн тамга тэмэдэгтэйгээр авсан мөртлөө нэгэн хувийн компанийн данс руу шилжүүлэн авчээ. Энэхүү 28 сая төгрөг уг нь нэвтрүүлэг, суртачилгаа явуулах нэрээр телевизийн дансанд орж ирсэн байжээ.

Юутай ч МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарын хийсэн хууль бус үйлдлийнх нь зах зухаас дэлгэхэд ийм булхай илэрч байна. Товчхондоо хууль хяналтынхан МҮОНРТ-ийн захирлын нэрээр олон бусармаг ажиллагаа явуулсаар байгаа М.Наранбаатарыг шалгах цаг нь болжээ. Үүнийг ч МҮОНРТ-ийн ихэнх ажилчид ч хүсч буй гэдгийг хэлэх ёстой.

Үргэлжлэл бий...

Р.Саруул

Эх сурвалж: