sonin.mn

Дэлхийн улс орнуудын түүхээс харахад өрийн хямрал нь эдийн засгийн хямралын хамгийн хүнд хэлбэр юм. Гадаад өрийн дарамтаас үүдсэн хямрал ямар нөхцөл байдалд оруулдгийг бид өөрсдийн сайн мэдэх улс орнуудын жишээнээс харж болно.

Тухайлбал 1998-аас 2005 он хүртэл үргэлжилсэн Аргентины их хямралын сөрөг үр дагавар одоог хүртэл арилаагүй байна. Аргентин улс байгалийн баялгийн нөөцөөрөө дэлхийд эхний 15-д орж байсан, өргөн хүрээг хамарсан хувьчлал явуулсан зэргээс үүдэн 1990-ээд оны эхээр гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр оржээ.

Энэ нь эхний үедээ төлбөрийн балансыг эерэг гаргаж байсан боловч, нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалт нэртэй зээл их хэмжээгээр авснаар Засгийн газар болон хувийн хэвшил нь их хэмжээний гадаад өрөнд орсон. Аргентины Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 90 хувьд, харин улсын нийт гадаад өр ДНБ-ий 255 хувьд хүрсэн зэрэг нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татаж эхэлсэн ба энэ нь өрийн хямралыг эхлүүлэх асаагуур болсон юм.

Энэхүү хямрал 2001 онд тус улсын санхүүгийн системийг унагаж өөрсдийн хүчээр хямралаас гарах гарцыг угүй хийжээ. Байсан бүхнээ хямралаас болж алдсан иргэд өдөр бүр тус улсын өнцөг булан бүрт жагсаал цуглаан, гудамжны тэмцэл хийж, зарим тохиолдолд зэвсэгт мөргөлдөөн хүртэл гарч байв.

Хэдийгээр олон улсын байгууллагууд, банк санхүүгийн корпорациуд болон зээлдэгч улс орнууд Аргентины гадаад өрийн 90 хувийг 2002-2005 оны хооронд тэглэсэн боловч, тус улсын төрийн гадаад дахь хөрөнгө болон аж ахуйн нэгжүүдийг дансны үлдэгдлийг хураасан нь эдийн засгаа сэргээн хөгжүүлэх боломжийг хумисан байна.

Аргентин улс 2003 онд албан ёсоор улсаараа дампуурснаа зарласан. Энэхүү хямралын хугацаанд зөвхен санхүүгийн зах зээл дээр нийт 460 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө алдагдсан гэдэг Дэлхийн банкны судалгаа байдаг ба өнөөг хүртэл өрийн хямралын үр дагаварын дарамт арилаагүй байна.

Евро бүсийн хямрал Грек улсын нийт өр ДНБ-ийхээ 165 хувьд хүрснээр хүндэрч өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Грөк иргэдийн худалдан авах чадвар 2007 онд Европын холбоо дундажтай харьцуулахад 95, 2008 онд 96.4, 2009 ондоо бол бүр 97.9 хувь болсноор энэ үзүүлэлтээрээ Өмнөд Солонгос, Израйль, Италийг гүйцэж, ДНБ-ий өсөлт нь Европын холбооны улс орнуудын дундаж өсөлтөөс дээгүүр гарч, тэдний энэ их хөгжлийг “Грек гайхамшиг” гэлцэх болсон.

Грек нь хөгжилтэй орны босгыг давсан төдийгүй 2010 оны байдлаар “Хүний хөгжлийн индекс"-т 22 дугаарт жагссан үзүүлэлтээрээ даруй чинээлэг амьдралтай оронд зүй ёсоор орж, Европын холбоонд 2000 оны зургадугаар сарын 19-нд нэгджээ. Тэгээд ингэж мандаж, цэцэглэж байсан орон тун удалгүй ажилгүйдлийн өндөр өсөлт, захиргааны үр ашиггүй хавтгай үрэлгэн зардал, татварын алданги, эцэст нь авлига гэх нөгөөх эдийн засгийн шүдний өвчнүүдээр өвчилж эхэлжээ.

Грект хямрал өсөөд буй өр ширээ нуун мэдээлээгүйтэй нь холбоотой байв. Нуун дарагдуулж байсан гадаад, дотоод өр, төсвийн зардпын өсөлт, төсвийн алдагдал нь 2009 онд ил болсноор Грек гүн хямралд орж, өрсөлдөх чадвар, эдийн засгийн эрх чөлөөний индексээрээ даруй тивдээ доороосоо хоёрт ортлоо доройтов.

2009 оны эцсээр Грек эдийн засаг (зардал өр ширээ тооцсоноор) дотоод өр, төсвийн алдагдлаараа Европын холбооны түүхэн дэх дээд амжилт тогтоож, 2009 оны төсвийн алдагдал ДНБ-ий 15.4 хувьд хүрэв. Яг энэ үед өр нь харин ДНБ-ний 127 хувьтай тэнцсэнээр зээлийн хүү тэнгэрт хадаж, хэд хэдэн нийгэм эдийн засгийн хүнд, хүнд хямралуудын шалтаг болов.

Их эсэргүүцэл үндэсний хэмжээнд өрнөж төсвийн зарим нэг таналт, хэт өндөр татварт дургүйцсэн ард иргэд бослого хийж үр дүнд нь гурван хүн амиа алдлаа. Судлаачид, эдийн засагчид Грек болон Европын хямралд ороод буй Португал, Испани зэрэг улс орнуудын гол асуудал нь гадаад өрөнд оршиж байгааг нотлоод байна.

Монголчууд бидэнд хамгийн ойр, сүүлийн үеийн жишээ гэвэл БНХАУ-д өрөө төлж чадахгүй болсны улмаас Тажикистаны Засгийн газар Памирын нуруунд байрладаг Горно-Бадахшанаас 1500 гаруй км нутгийг Бээжингийн мэдэлд шилжүүлжээ. БНХАУ-ын цэргүүд өрөндөө авсан уг нутагт нэвтрэн орж, уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлэх, уул уурхайн бүс чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Дээрх жишээнүүд нь өр, зээлийн асуудал улс үндэстэний эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолд ямар их аюул, сүйрэлд хүргэдгийг харуулсан баримт юм. Монгол Улс 1990 он хүртэлх төлөвлөгөөт эдийн засгийн систөмд байсан 70 жилийн хугацаанд 10.62 тэрбум шилжих рублийн өрийг “Эдийн засгийн харилцан туслах зөвлөл’’-ийн орнуудад тавьсан байдаг.

Энэхүү их өрийн 10.46 тэрбум шилжих рубль нь тухайн үеийн ЗХУ буюу одоогийн ОХУ-д ногдож байсныг манай хоёр улс 10 гаруй жил хэлэлцсэний эцэст 2002 онд 98 хувийг нь хүчингүй болгож үлдэх хоёр хувийг нь төлж их өрийн асуудпыг шийдвэрлэснийг Та бүхэн сайн мэдэж байгаа.

Энэхүү өр зээлээр мөхөхийн ирмэгт  тулж очсон улс орноо нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн замаар хөгжүүлж, нийт хүн амын 99 хувийг бичиг үсэгт сургаж, хүн амаа эрүүлжүүлж, олон мянган багш, эмч, инженер, эдийн засагч, хуульч гэх мэт зэрэг төрөл бүрийн мэргэжлийн үндэстний сэхээтэн, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж, олон зуун орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийг барьж, нийгэм соёлын төв болсон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, 21 аймгийн төв, 326 сум суурин газрыг бүтээн босгосон юм.

Мөн энэ зээл тусламжаар агаарын тээвэр, авто зам, төмөр зам, эрчим хүчний дэд бүтэц бүхий сүлжээг бий болгон, МАА, газар тариалан, үндэсний хүнд, хөнгөн, хүнсний аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, сурсан, мэдсэн, бүтээн бий болгосон бүхнээрээ бахархаж нүүр бардам алхах Монгол орныг, Монгол хүнийг хөгжүүлсэн юм.

Монгол Улс 1990 оноос хойших ардчилсан өөрчлөлтийн 22 жилд гадаадын улс орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 2,8 тэрбум ам.долларын зээл авч, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг рүү шилжиж, хувийн өмчид суурилсан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж, улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг бүс нутгийн хэмжээнд үлгэр дуурайл болохуйц төвшинд амжилттай хэрэгжүүлж чадсан.

Монгол Улсын Засгийн газар 2012 он хүртэлх сүүлийн 22 жилд нийт дээр дурдсан 2.8 тэрбум ам.долларын гаднын зээл авсанаас 2012 оны эцэст 1.9 тэрбум ам.долларын өртэй үлдсэн байна. Энэ хугацаанд нийт 1.1 тэрбум ам.доллар өрийн үйлчилгээнд төлжээ. (900 сая ам.долларыг үндсэн төлбөрт, 200 сая ам.долларыг хүүгийн төлбөрт).

Монголбанкны мэдэгдэж буйгаар энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын дотоодын нийт хадгаламж 6.9 их наяд төгрөг, зээл 12.7 их наяд төгрөг, харин Монгол улсын нийт гадаад өр 19.82 тэрбум ам.доллар байна. Үүний 4.49 тэрбум нь Засгийн газрынх, 1.04 тэрбум нь Монголбанкных, үлдэгдэл 14.3 тэрбум нь дотоодын хувийн хэвшлийн өр зээл байна.

2014 оны төсөвт зээлийн үйлчилгээнд нийт 462.5 тэрбум төгрөг буюу энэ оны төсвийн урсгал зарлагын 8.5 хувийг зарцуулахаар төсөвлөсөн байна. 2011 онд нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 37.3 тэрбум төгрөг буюу тухайн оны төсвийн урсгал орлогын нэг хувийг төлж байсан нь 2013 онд 4.5%, энэ онд төсөвт суулгасан байдлаас харахад 6.7 хувь болж өссөн ба харин 2015 оны нэгдсэн төсөвт Сангийн сайдын багцад нийт 1,045 их наяд төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт тусгасан байгаа нь нэгдсэн төсвийн урсгал орлого 5.9 их наяд төгрөгийн 17.7 хувийг төлөхөөр төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл, манай улс өрийн дарамтанд орсныг эдгээр тооноос харагдаж байна.

Хөгжлийн банкны 600 сая ам.доллар, "Чингис" бондын 1,5 тэрбум ам.доллар, шинээр гаргасан "Самурай" бондын 290 сая ам.доллар бусад жижиг зээлийг оруулаад енөөдрийн байдлаар Засгийн газрын нийт гадаад өр 4.49 тэрбум ам.доллар болж, нэрлэсэн үнээр 8.42 гаруй их наяд (Монголбанкны 2014 оны 11 сарын 17-ны ханш 1876 төг.) Монголбанкны 1.04 тэрбум ам.долларыг (1.951 их наяд төг.) нэгтгэн тооцвол 10.4 их наяд төгрөг болж байна.

Үүн дээр Засгийн газрын дотоод өр 2.85 их наяд төгрөгийг нэмж тооцвол Засгийн газрын өр 13.25 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ 21.7 их наяд төгрөгтэй харьцуулахад 61 хувийг даваад байна. Гэтэл Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн шалгалтаар 2013 оны эцэст Засгийн газрын өр 17.7 их наяд төгрөг буюу 2013 оны ДНБ-ий 102 хувийг давсан гэдгийг тогтоож, энэ талаар УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулсан.

Зөвхөн 2013 онд "Чингис", "Самурай" бондыг оролцуулахгүйгээр Шинэчлэлийн Засгийн газар 5.8 их наяд төгрөгийн өр, зээлийг УИХ, ард түмнээс нууцаар авсан нь дээрх шалгалтаар ил болсон.

Харин дээрх тоонууд нь хоорондоо тав орчим их наяд төгрөгөөр зөрж байгаагийн гол шалтгаан нь Засгийн газар болон Монголбанк өнөөгийн үйлчилж буй Монгол Улсын хууль тогтоомжууд, үүн дотроо Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчин, Төрийн өмчит аж үйлдвэрийн газруудын өр, зээлийг Засгийн газрын өрд оруулж тооцохгүй байгаатай холбоотой байна.

Монголын төрийн энэхүү өр нь Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 6.2 тэрбум ам.долларын манай талд ногдох 34 хувь болох 2.1 тэрбум ам.долларыг оруулж тооцохгүйгээр гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх. Оюутолгойн манай талын хөрөнгө оруулалтын зээл 2.1 тэрбум ам.долларыг Засгийн газрын гадаад өр дээр нэмж тооцвол 7.59 тэрбум ам.доллар буюу 12.29 их наяд төгрөг (Монголбанкны 2014 оны 11 сарын 17-ны ханш 1876 төг) болж байна.

Мөн Оюутолгой компани нь байгуулагдсанаасаа хойш өнөөдрийн бидний мэдэж буйгаар 1.23 тэрбум ам.долларын зээл авсан ба үүний манай Засгийн газарт хамаарах 34 хувь буюу 420.2 сая ам.долларыг нэрлэсэн үнээр нэмж тооцвол нийт 8.01 тэрбум ам.доллар буюу 15.02 их наяд төгрөгийг давжээ. (Монголбанкны 2014 оны 11 сарын 17-ны ханш 1876 төг) Өөрөөр хэлбэл, манай төрийн зөвхөн гадаад өрийн хэмжээ энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 69.2 хувьтай тэнцэж байна.

"Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 2.55 их наяд төгрөг нь төсвөөс гадуурх төсөв болон Монгол Улсын нэгдсэн нэг л төсөвтэй байх гэдэг хуулийн заалтыг зөрчиж байна. Зээлийн үйлчилгээ нь төсвөөс төлөгдөх учир улсын нэгдсэн төсөвт суулгах ёстой.

Мөн орж ирснээс хойш бараг бүтэн жил болж байхад өнөөдрийг хүртэл 400 сая орчим ам. доллар ашиглагдахгүй 1-1.5 хувийн хүүтэй банкинд сул хэвтэж байгаа нь засгийн газар хариуцлагагүй, өрийн менежментийн нэгдсэн тогтолцоо байхгүйг харуулж байна. Мөн "Самурай" бондын 290 сая ам.доллар бүрэн орж ирээгүйгээс харахад, "Чингис” бондын мөнгө мөн дутуу орж ирсэн байх магадлал өндөр байна.

Хувийн хэвшлийн гадаад өр 14.3 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 26,82 их наяд төгрөгт хүрээд байгаа нь 2010 оныхоос 6.5 дахин, 2011 оныхоос 83 хувь орчим их байна. Мөн зээлүүд нь ихэвчлэн 3-10 жилийн хугацаатай, жилийн 3-37 хувийн хүүтэй байгаа нь манай улсын эдийн засгийн нөхцөлд тохиромжгүй хэт богино хугацаатай, зарим тохиолдолд хэтэрхий өндөр хүүтэй байна.

Мөн ихэнх том зээл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт тодотголтой ч, эргээд хөрөнгө оруулагчид зарцуулсан хөрөнгөө ашигтай нь хамт авах нь ойлгомжтой учраас нэгд өр, зээл гэдэг талаас нь, хоёрт үндсэндээ Монгол Улсын экспортоор олсон валютаар телөгдөнө гэдгийг Монголбанк онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Улсын нийт гадаад өр 19.8 тэрбум ам.долларын хүүний үйлчилгээг төсөөлөхийн тулд жилд дунджаар 10 хувь гэж авч үзвэл 1.98 тэрбум ам.доллар буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ болох 21.7 их наяд төгрөгтэй харьцуулахад 17.1 хувь болж байна.

Иймд манай улсын эдийн засаг доод тал нь жилд 18 хувиар өсөөгүй тохиолдолд бие даан энэ өрнөөс гарах боломжгүй юм. Хэрвээ жилд дөрвөн тэрбум ам.доллар нийт өрийн үйлчилгээнд, мөн таван тэрбум ам.доллар импортын санхүүжилтэд шаардлагатай гэж үзвэл манай улсад эдийн засгаа тогтвортой байлгахын тулд жилд доод тал нь есөн тэрбум ам.доллар шаардлагатай байна.

Харин энэ оны экспортын нийт орлого 5-5,5 тэрбум ам.долларын хооронд байхаар байгаа ба зөрүүг нь бид гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламж, гадаадад амьдардаг иргэдийнхээ урсгал шилжүүлэг болон валютын нөөц зэргээр санхүүжүүлэх шаардпагатай тулгарч байна. Хэрвээ манай улс санхүүжүүлж эс чадвал, цаашид валютын нөөц дуусч манай эдийн засагт нүүрлээд байгаа өрийн хямралыг эхлүүлэх болно.

Мөн гадаад валютын албан нөөц эрс буурсан нь олон улсын үнэлгээний “Мооdy's” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг В1 төвшнөөс В2 болгон бууруулах нэг шалтгаан болсон байна. Зээлжих зэрэглэл буурсан нь олон улсад Монгол Улс гадаад зах зээлээс босгосон бондынхоо эргэн төлөлтийг хийж чадахгүй эрсдэл үүсч байгаа дохио өгч байгаа ба дахин олон улсын санхүүгийн зах зээл дээрээс зээл авахыг хүсвэл өндөр үнэтэй, тохиромжгүй нөхцөлтэйгөөр зээл авах байдалд оруулаад байна. Өөрөөр хэлбэл урт хугацаатай, бага хүүтэй арилжааны зээл авах боломж хомс боллоо.

Монгол Улсын нийт гадаад өр (Засгийн газар, Монголбанк, хувийн хэвшил) 19.82 тэрбум ам.долларыг өнөөгийн ханшаар тооцоход 37.2 их наяд төгрөг дээр дотоодын зээлийн өрийн үлдэгдэл 12.7 их наяд төгрөгийг нэмж тооцоход Монгол Улсын нийт өрийн хэмжээ 49.9 их наяд төгрөгт хүрсэн байгаа нь манай улс гадаад өрийн дарамтад орсоныг харуулж байгаагаас гадна өрийн сүлжээнд унасаныг нотолж байна. Төрөлжсөн эдийн засагтай, өндөр хөгжсөн улс орнуудын хувьд улсын нийтөрийн хэмжээ ДНБ-ий 80 хувийг давбал хөрөнгө оруулагчид болон итгэл үзүүлэгчид улс орны эдийн засгийн эргэн төлөлтөд эргэлзэж эхэлдэг.

Ялангуяа хүүний дарамт нь Засгийн газрын өрийн хувьд төсвийн орлого, зарлагын хэдэн хувьд, улсын нийт өр ДНБ-ий хэдэн хувьд байгаа нь тухайн улсын төлбөрийн чадварыг илэрхийлдэг.

Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн байдлаар ойрын 10 жилд нэгдсэн төсвийн зарлагынхаа 8-10 орчим хувийг зээлийн үйлчилгээнд төлөхөөр харагдаж байна. Иймд төсвийн орлогоо жил бүр 8-аас дээш хувиар өсгөх шаардлагатай байна. Дээрхээс харахад нийт зээлийн үйлчилгээ нь Хөгжлийн банкны зээл болон "Чингис” бондыг эргэн төлөх 2017 болон 2018 онуудад төсөвт өндөр дарамт үзүүлэх нь тодорхой байна.

Өнөөдөр Монголын төр нь их өртэй, хувийн хэвшил, үүн дотроо зарим банк, санхүүгийн байгууллага нь их өртэй, ард иргэд нь их өртэй байгаа нь манай улсын хөгжлийг хэдэн арван жилээр хойш татаж болох өрийн хямрал нүүрлээд байгааг харуулж байна.

Ялангуяа Монголбанк нь их хэмжээний гадаад өртэй болсон байгаа нь манай улсын макро эдийн засгийг бүхэлд нь тогтворгүйжүүлж, хямралыг даван туулахад ихээхэн бэрхшээл тулгараад байгааг харуулж байна. Иймд бид юуны өмнө гадаад өрийн бүтэцдээ бүрэн дүн, шинжилгээ хийж, гадаад өрийн дарамтыг аль болох бууруулж, үүсэж болох нөхцөл байдпын эрсдэлийг бууруулах цогц бодпого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардпагатай байна.

Эдийн засагч Д.Даваасүрэн