sonin.mn

Түүх давтагдаж байна. Одоогоос хоёр жилийн өмнө МАН төрийн бүх эрх мэдлийг барьж байхдаа сөрөг хүчин байсан АН-ыг засагт урьж хамтарсан Засгийн газар байгуулж байв. Гэтэл нэг л өдөр гэхдээ бүр сонгуулийн өмнөхөн АН-ынхан зангаа хувиргаж МАН-ын байгуулсан хамтарсан Засгийн газрын хаалгыг саваад гарч байсан гашуун түүхтэй юм.

Магадгүй тэр үед АН дандаа гуйлгах юм шиг сэтгэсэн ч байж мэдэх. Харин өнөөдөр бол эрх баригч АН анх удаа олонхи болсон хэрнээ төрийн эрхийг тогтвортой ч барьж чадахгүй байгааг хараад жирийн сонгогчийнхоо хувиар бухимдах юм. Шинэчлэлээс Шийдлийн нэртэй болсон энэ Засгийн газраас ард иргэд олон гарцыг хүлээж байгаа нь тодорхой.

АН-ынхан анх удаа олонхи болж байгуулсан Засгийн газраа арайхийн хоёр жил наслуулаад “булшилсан”. Одоо бүрэлдсэн шинэ засаг нь элгээрээ хэвтсэн эдийн засгаа хямралаас гаргаж, төрөө тогтворжуулна гээд сайн сайхан бүхнийг л ярьж байна. Болтугай гээдсайнаар бодож суухаас.

Гэтэл олны анхаарал татан байгуулсан нөгөө хамтралын гэрээ нь яг ямар асуудал, юун дээр тохиролцсон нь нууц хэвээр л байна. Хэдийгээр өнгөн дээрээ сайдууд томилогдоод ажил урагштай мэт боловч хөшигний ард түүнээс хэцүү зүйл олон байгааг учир мэдэх хүмүүс ил далд байдлаар хэлээд байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энх-түвшин намын даргадаа ил захидал хаяглаж, дараагийн улстөрийн томил-гоо болох дэд сайд , агентлагийн дарга, төрийн нарийн гээд хоёр намд анхааруулга өгөөд авна лээ. Бас нэгэн сонин мэдээл дуулдсан нь эрх баригчид амнаасаа буцсан гэх.

Ер нь нөгөө нууцлаад байгаа хамтралын санамж бичиг дээр аль аль тал нь тодорхой асуудал байсан уу гэдэг нь тодорхойгүй аж. Тиймдээ ч МАН-ын зарим гишүүд АН-ын тохирооноосоо буцлаа хэмээн мэдэгдээд байгаа байх.

Ямартаа ч МАН-ын хувьд Бага хурлын гишүүддээ бүх зүйл дээр тохиролцсон гэж мэдээлсэн ч үнэн хэрэгтээ тохиролцоо зуун задгай хэвээрээ. Одоо болтол шийдлээ хүлээсэн олон асуудал байгаа гэнэ. Тухайлбал, АН-ынхан сайд, дэд сайдын суудал өглөө. Цаашдаа өөр өгөөд байх албан тушаал байхгүй гэж гүрийжээ.

Харин МАН-ынхан хамтарсан бол агентлагын дарга, төрийн нарийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд парламентын суудлынхаа хувь хэмжээгээрээ хуваарилах ёстой гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Гэтэл хамтрагч АН-ынхан Төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга нар хуультай.

Төрийн албаныхаа хуулийн дагуу явна. Ерөнхийлөгч төрийн албаныхныг халж болохгүй гэсэн гэх үг унагаах болжээ. Мөн ялалт аваад өнөө хэр нь баталгаажуулж чадаагүй Дундговь, Дорнод гэх мэт аймгуудын Засаг даргын асуудлыг МАН-д өгөхөөр яригдаж байсан.

Бас л энэ шийдлээсээ эрх баригчид ухарч байгаа сурагтай. Хоёр намын тохироогоор бол МАН-д долоон дэд сайдын суудал өгнө гэж яригдаж байснаа тав болж хувирсан байна. Үүнээс болж намуудын хооронд ойлголцлын зөрүү гарсан бололтой.

Ерөнхийдөө АН ялалт байгуулаад Засгийн газраа бүрдүүлснийхээ дараа төрийн бүхий л шатанд өөрийн боловсон хүчнээ “шургуулсан". Одоо харин шинэ бүтцийг далимдуулж тэднийг халах маш их хүндрэлтэй байгаа нь ойлгомжтой. Нөгөө талаас МАН Бага хурлын гишүүддээ гоё зүйл ярьчихаад түүнийгээ биелүүлж чадахгүй байдалд хүрнэ.

Энэ байдлыг Ерөнхий сайд асан С.Баяр урьдчилан харж "МАН-д Засагт орох маш хүндрэлтэй байсан. Маш хэцүү шийдэл. Ц.Нямдорж Засгийн газарт орж болохгүй гэж 5-6 үндэслэл хэлж байна лээ. Харин би орохгүй байх 56 үндэслэл хэлж чадна. Гэхдээ улсаа бодоод орох нь зөв. Харин АН-д манайхаас ч илүү хүнд байгаа" гэж тайлбарлаж байсан. Тийм л байдал руу явж эхэллээ гэх мэдээлэл байна.

Тэгэхээр энэ байдлаас харахад эрх баригч хүчин МАН-д зургаан сайд, 5-7 дэд сайдын суудал өгөөд л болно гэж цаагуураа ярилцсан бололтой. Гэтэл МАН-ынхан нь бүх түвшиндээ парламентын суудлынхаа хувь хэмжээгээр хамтрах ёстой гээд бодчихсон яваад байдаг. Хэрэв МАН-ыг ингээд аргална гэж бодоод байгаа бол арай л дэндсэн хэрэг гэж учир мэдэх нэгэн тайлбарлаж байна.

МАН-ынхан ч гэсэн хэдэн сайд, дэд сайддаа дөрлүүлэхгүйгээр байдлыг харж байгаад босч мэдэх юм. Энэ байдал нь МАН-ыг Засгаас гаргах эсвэл дундуур нь хагалах хоёр л сонголт үлдэнэ. Харин АН-ынхан өөрийн Засгийн газраа огцруулах, хамтрагчаасаа татгалзах, эдийн засгаа улам хүнд байдалд оруулж, улстөрийн тогтворгүй байдлыг үүсгэх бартаат замыг хүсээгүй ч сонгож мэдэхээр боллоо.

Хоёр нам өмнө нь хоёр ч удаа хамт-рахдаа сонгуулийн өмнөхөн үг дуугүй хаяад явдаг заншил бий. Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газраас АН-ынхан гэнэтхэн гарах шийдвэр гаргаж, замын дундаас хаяж явсан нэр зүүсэн. Тэр нь ч оновчтой шийдэл байж 2012 оны сонгуульд ялалт байгуулж чадсан.

Харин энэ удаагийн нэгдсэн Засгийн газраас МАН-ынхан гарахгүй гэх баталгаагүй. Эдийн засаг дээшлэхгүй, улс орон ч хэцүүхэн байдалтай байвал 2016 он гэхэд АН, МАН-ынхан шаварт цугтаа зогсох хэрэг гарна.

Тиймээс 2016 оны сонгуулийн өмнөхөн МАН-ынхан засгаас гарчихаж мэдэх л нөхдүүд. Гэхдээ АН-ынхан өөрсдөө энэхүү учир явдлыг сайн мэдэх учраас Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуустал засгаас гарахгүй гэх заалт гэрээндээ оруулж өгсөн биз. Удахгүй дэд сайдуудыг дэв-шүүлээд томилж эхэлнэ. Үүний дараа л яам агентлагийн дарга нарын асуудал дэгдэж, дээрх ярианы үнэн худал эсэх нь тодорхой болох биз.

П.Дөлгөөн

Эх сурвалж: