sonin.mn

БЕРЛИН. /Xinhua/. Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэж буй курдуудыг бэлтгэх багаа Германы Засгийн газар өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Германы Засгийн газар Ирак руу 100 цэргээ нэмж илгээхээр төлөвлөсөн гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

Германы Засгийн газар парламентын доод танхимаасаа цэрэг илгээх эрх хүсэх гэж байгаа тухай тус улсын хэвлэлд өмнө нь мэдээлсэн билээ.

Өчигдөр хийсэн мэдэгдлээс үзвэл, сайд нарын танхим саналаа боловсруулж байгаа бөгөөд ирэх долоо хоногт парламентын доод танхимд өргөн барьж, батлуулах төлөвтэй байна.

Герман улс Ирак дахь курд дайчдыг бэлтгэх, цэрэг техникийн тусламж үзүүлсээр ирсэн. Өнгөрсөн сард Иракийн албаны хүмүүстэй Германы төлөөлөгчид уулзсаны дараа цэргийн бэлтгэлийг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.

“Лалын улс”-тай тэмцэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхийг Ирак хүссэн гэж Германы Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: