sonin.mn

    Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт нийтлэгдсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг,” хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг” гэж өөрчлөн найруулжээ.

    Мөн дугаарт,  Аврах ажиллагааны тухай конвенцид нэгдэн орох тухай, Далайн хөдөлмөрийн тухай конвенцид нэгдэн орох тухай, “Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага”-ын конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай  хуулийг тус тус нийтэллээ.

    Эмхэтгэлийн шинэ дугаарт, Засгийн газрын бүтцийн тухай,Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг нийтэлснээс гадна  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн ямар яамд ажиллах, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ямар асуудал хамрагдаж байгаа болон Засгийн газрын гишүүд ямар хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх асуудлыг эрхлэхийг хуульчилж өгсөн байна.

    Эмхэтгэлд, Засгийн газрын бүтцийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Концессын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг тус тус нийтэллээ.

    Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийн тухай, Б.Хурцыг Авлигатай тэмцэх газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

    Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолоор, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг баталжээ.

     Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд болон  сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд  Засгийн газрын  ямар тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагтай байхыг энэ тогтоолын хавсралтаас танилцах боломжтой гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.