sonin.mn

 Улсын Их Хурлын чуулганы баасан гараг /2014.12.12/-ийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Л.Энх-Амгалан, Г.Баярсайхан, Л.Болд,Н.Батцэрэг саналаа илэрхийллээ.

Гишүүд сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулах хэрэгтэй байна, дарга нарын хэрэглээг багасгах, 2014 оны төсөв 1.1 их наяд төгрөгөөр тасарч байхад 2014 оны төсвийн тодотголыг яагаад бодитой тооцож оруулж ирж чадсангүй, тодотголд шийдлийг нь тусгасангүй, төсөвт өрийн ачаалал, эдийн засгийн бодиттой хямрал бий болчихсон байгааг хэллээ.

Ингээд төслүүдийн хоёр дах хэлэлцүүлгийг бүх байнгын хороонд хэлэлцүүлэхээр шилжүүллээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нар танилцууллаа.

Утаат тамхины хэрэглээ, дам тамхидалтаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхидалтыг багасгах, тамхинаас үүдэлтэй уршигт үр дагаврыг бууруулах чухал ач холбогдол бүхий зорилтыг дээрх нэмэлт өөрчлөлт агуулсан боловч утаат тамхи татах далд өрөө, газар бий болох, ахуйн хүрээнд татах, утаат тамхинаас үүсэх хог хаягдал, орчны бохирдол байсаар байгаа нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөөр байна.

Энэ хуулийн төсөл нь Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг амьдралд нийцүүлж сайжруулах, эрх зүйн орчинг илүү тодорхой болгон хүн амын эрүүл мэндийг орчны хог хаягдал, бохирдол, дам тамхидалтаас хамгаалах ач холбогдолтой гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, Г.Баярсайхан,Н.Энхболд нар хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авлаа.

Гишүүдийн асуулт хариултын дараа Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Су.Батболд, Ц.Оюунгэрэл, С.Дэмбэрэл, Р.Гончигдорж санлаа хэллээ.

Байнгын хорооноос хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих боломжгүй гэж үзсэн саналыг дэмжсэнгүй.Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

    Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан нар танилцууллаа.

   Хуулиар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах түүнчлэн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах үйл ажиллагааг тус тус хориглосон нэмэлт оруулсан. Мөн дээрх хуулиар тамхины худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгож байхаар заажээ.

    Тамхины хяналтын тухай хуулийн дээрх зарим зохицуулалтыг амьдрал практикт хэрэгжүүлэхэд тодорхой хүндрэлтэй тулгарч байна. Тухайлбал, манай улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн буюу сумын онцлог болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны байршил зэргээс шалтгаалан “500 метрийн дотор” гэсэн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байдал үүсгэж байгаа билээ. Түүнчлэн, тамхи худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль зөрчих нөхцөл буй болгож байна.

    Практик амьдралд тулгараад буй энэхүү хүндрэлийг арилгах зорилгоор монгол орны бодит нөхцөлд байдалд нийцүүлэн “байрнаас 500 метрийн дотор” гэснийг “байрны гаднах хашаанаас 250 метрийн дотор” гэж практикт хэрэгжих бололцоотойгоор өөрчлөх нь зүйтэй байна гэжээ.

   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Ц.Оюунгэрэл нар саналаа хэллээ.

   Хэлэлцүүлгийг дараагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.