sonin.mn

Монгол Улсын гурван сая дахь иргэн шинэ оны дараа, морин жилдээ багтаж төрөх юм байна. Үндэсний статистикийн хорооны мэргэжилтний хэлж буйгаар “Гурван сая дахь иргэн хэдэн сарын хэдэнд мэндэлнэ гэдгийг урьдчилан таамаглах аргагүй.

Хүн амын өсөлт сар тутамд харилцан адилгүй байдаг” гэв. Статистикийн хороо вэб сайтдаа хүн амын цаг тоолол ажиллуулдаг байсан. Гэтэл сүүлийн хоёр сар түүнийгээ унтраасан байна. Учир нь жирэмсэн эмэгтэйчүүд уг тооллыг харж гурван сая дахь хүүхэд төрүүлэх хүслээр амаржих хугацаагаа тааруулахыг оролдож, эрсдэл дагуулах магадлалтай гэж үзжээ.

Өнөө үед хүмүүс ажил, амьдрал, хань ижил, үр хүүхдээ төлөвлөдөг болсон. Өөрөөр хэлбэл, бүхий зүйлд нарийн тооцоотой ханддаг болсон гэсэн үг. Тиймдээ ч энэ оны сүүл, шинэ оны ихээр урьд жилүүдийнхээс илүү олон хүүхэд төрөх магадлалтай байгаа аж.

Учир нь Засгийн газраас гурван сая дахь иргэнийг болоод түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахаар шийдвэрлэж ажлын бэлтгэлийг жилийн өмнөөс эхлүүлсэн. Гурван сая дахь иргэн мэндэлсэн тэр өдөр төрсөн бүх хүүхдэд Засгийн газраас гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэхээр болсон.

Ингэхдээ дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар урамшуулах эрхийг Засгийн газраас олгохоор шийдвэрлэсэн байдаг. Эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа энэ үед эхчүүд гурван сая төгрөгийн төлөө эрсдэлтэй алхам хийж болзошгүйг эрүүл мэндийн салбарт ажилладаг эх сурвалж мэдээлсэн юм.

Учрыг нь тодруулахад “Өнөөдөр тэдэн хүүхэд мэндэллээ. Монголын үрс маш олон болтугай гээд зурагтаар гардаг шүү дээ. Жирэмсэн эхчүүд Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон дээр зурагтаар гарч байгаа тоог нэмж гурван сая дахь иргэний мэндлэх өдрийг хуруу тоолон хүлээж байна.

Зарим жирэмсэн эхчүүд хувийн эмнэлэгт хийсвэр хагалгаа хийлгэхээр эртнээс захиалга өгч байна. Хүмүүс лобби хийж, жинхэнэ гурван сая дахь иргэн хохирч үлдэх вий гэж хардаж байна. Ядаж л түүний чацуутан болох гэж хагалгаагаар олон ээж төрнө. Гурван сая төгрөг, орон сууцны төлөө олон жирэмсэн эмэгтэй эрсдэлтэй алхам хийх гэж байна. Үүнд Засгийн газар анхаарал хандуулмаар байна” гэв. Хүүхэд бол бурхны бэлэг.

Тиймдээ ч эцэг эхийн хайраас дэлбээлж мэндэлсэн хүүхэд Монголын гурван сая дахь иргэн болж, гурван сая төгрөг болоод орон сууцны эзэн болох нь сайхан хэрэг. Засгийн газраас хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа нь нэг талаараа сайшаалтай. Гэхдээ мөнгөн тэтгэмж олгож байхаар тэдгээр хүүхдүүдийн ирээдүйд нэмэр болохуйц бодит тусламж хэрэгтэй гэдгийг хэлэх хүн олон байлаа.

Нэг үгээр хэлэхэд гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг энэ хорвоод эсэн мэнд төрүүлэх төрөх эмнэлгийн хүрэлцээ хангамжийн асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй. Тухайн өдөр хэчнээн эх Монгол Улсын хэмжээнд амаржих урьдчилсан дүн мэдээ гаргасан эсэхээс эхлүүлээд олон асуудал гарч ирнэ. Ингэхээр зайлшгүй шаардлагатай зүйлийг эртнээс бэлтгэх хэрэгтэй байгаа юм.

Түүнчлэн тухайн өдөр хийсвэр хагалгаагаар төрсөн эмэгтэйд гурван сая төгрөг олгохгүй гэх мэдээлэл ч байгаа юм. Үүнийг сонссон жирэмсэн эхчүүд “Өөрөөр төрж чадахгүй өвдөөд аргагүйн эрхэнд хагалгаанд орж хүүхэд гаргасан хүмүүсийг ялгаварлах ямар ч шаардлагагүй” гэсэн яриа гарах болсон гэнэ.

Энэ талаар болон гурван сая дахь иргэнээ хүлээж авах бэлтгэлээ хэр хангаж байгааг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас тодрууллаа.

-Монголчууд гурван сая дахь иргэнээ удахгүй хүлээж авна. Бэлтгэл ажлын хүрээнд ямар ажил хийж байгаа вэ?

-Гурван сая дахь иргэнийг хүлээж авахаар ач холбогдол өгч ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гурван сая дахь иргэнийг хүлээж авах ажиллагаанд оролцох ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ахалж, холбогдох сайд нар ажиллана.

-Тухайн өдөр хагалгаагаар төрүүлсэн хүүхдийг гурван сая дахь иргэнээр тооцохгүй. Мөн түүний чацуутнаар тооцохгүй, ямар ч мөнгө олгохгүй гэх мэдээлэл гарах болсон. Энэ ямар учиртай юм бэ?

-Би яг энэ асуудлаар тодорхой мэдээлэл авч амжаагүй байна. Хэд хэдэн асуудлыг хөндсөн. Энэ мэдээлэл хэр үндэслэлтэй вэ гэдгийг тодруулъя. Ажлын хэсгээр уг асуудлыг ярилцаж, шийдвэрлэнэ гэв.

      Ийнхүү төрөөс гурван сая дахь иргэнээ алдаршуулан тэтгэмж олгох болсон нь нэг талаараа хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого байж болох ч хүн нэмбэл хүнс нэмэх шаардлагатай болно. Гэтэл төр, засаг хүнсээ хангалттай бэлтгэж чадах уу гэдэг ч бодох л асуудал. Түүнчлэн өнөөдөр төрөх эмнэлэг, сургууль цэцэрлэгийн асуудлыг хангалттай шийдэж чадаагүй бяцхан үрсийн эрхийг зөрчсөөр байж төр дахин халамжийн бодлогоор хүн амын тоо нэмэх нь сөрөг үр дагавартай юм.

Үүнийг нь 2007 оны алтан гахай жилд төрсөн хүүхдүүд өнгөрсөн жил ачааллыг хэд дахин нэмж сургуулиуд хэдэн ээлжээр хичээллэж салбар яамыг сандаргасан жишээнээс түвэггүй харж болно. Өөр нэг асуудал нь өмнөх Засгийн үед төрөөс шинээр гэр бүл болж байгаа хосуудад 500 мянган төгрөг өгсний балгаар гэр бүл салалтын тоо нэмэгдэж хайр дээр биш халамжийн бодлого дээр тогтсон хэврэг гэр бүлээс болж хүүхдүүд хохироод үлдсэн гашуун түүх ч бий.

Тэгвэл сүр дуулиан дагуулж байгаа гурван сая дахь иргэнд олгох тэтгэмжээс болж хүүхдүүдийн эрх зөрчигдөх вий гэсэн болгоомжлол байгаа юм. Аливаа улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг эх нялхсын эндэгдэл ямар байгаагаар нь тодорхойлдог. Гэхдээ энэ нь дан ганц эрүүл мэндийн салбарынхны хариуцлага биш, төр засаг иргэдэд ч хамаатай.

Монголчууд шинэ иргэнээ хүлээж авах байдалд хангалтгүй байсаар, үүнээс үүдсэн эх нялхсын эндэгдэл, өвчлөл буурахгүй байгаа. Төрөх эмнэлгүүдийн ачаалал сүүлийн хоёр жилд 20 хувиар өсчээ. Өмнө нь жилд 60 гаруй мянган эх амарждаг байсан бол энэ тоо өнөөдөр 72 мянгад хүрч, 50 хувь нь буюу 30 гаруй мянга нь нийслэлд амаржиж байна.

Энэ тооноос үүдэлтэйгээр Монгол Улсын хүн ам 1.2 хувиар өссөн тоон мэдээ байна. Гэтэл төрөх эмнэлгийн хүрэлцээ хүндрэл, ачааллаас болж 2013 онд 1029 нярайн эндэгдэл гарсан байх юм. Энэ нь хүн амын дунд төрөлт ихэсч байгаа, нөгөө талдаа төрөх эмнэлгийн байрны хүрэлцээ хангалтгүй байгааг харуулсан тоо. Хэд хэдэн төрөх эмнэлгээр ороход ачаалал нь хэрээс хэтэрч, жирэмсэн эхчүүдийг коридортоо ор тавин хэвтүүлсэн байдалтай байлаа.

Гурван сая дахь иргэн мэндлэх хугацаа ойртож байгаа. Тиймээс төрөх эмнэлгүүд ямар нэгэн албан, шаардлага хүргүүлсэн эсэх, мөн эхчүүд тухайн өдөр хагалгаа хийлгэх магадлалтай гэх яриа гарч байгаа.

Энэ талаар ЭХЭМҮТ- ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулгаас тодруулахад “ Одоохондоо ямар нэгэн албан тушаал гараагүй байна. Хагалгаа хийлгэж болзошгүй гэх асуудал нийгэмд байгаа хардалт болов уу гэж бодож байна” гэв. Үүнээс төрөх эмнэлгүүд одоогоор гурван сая дахь иргэнээ хүлээж авах ямар ч бэлтгэл хийж эхлээгүй нь харагдаж байсан юм.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: