sonin.mn

БАГДАД. /Xinhua/. Иракийн баруун нутгийн Анбар мужид 19 цагдаа “Лалын улс” бүлэглэлийн босогчдын гарт амиа алдаж, хойд нутгийн төвийн Салахудин мужид болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр долоон босогчийг устгасан тухай аюулаас хамгаалах албаны эх сурвалж мэдээлжээ.

Иракийн нийслэл хотоос баруун тийш 110 км зайтай орших Рамади хотын аль-Вафа гэдэг газрыг босогчид эзлэн авсны маргааш цагдаа нар амиа алдсан байна.

Үүнээс гадна, Рамади хотоос баруун тийш 35 км зайтай Иракийн цагдаа болон Засгийн газрын цэргүүд босогчдын бүслэлтэд орж, ширүүн зэвсэгт мөргөлдөөн болжээ.

Нийслэл Багдад хотоос баруун тийш 160 км-т орших Хит хотоос Аль-Багдади хотын хооронд орших хэд хэдэн тосгоныг “Лалын улс” бүлэглэл эзэлж авсны дараа уг мөргөлдөөн болж, нэг өдөр үргэлжилсэн байна.

Багдадаас хойш 80 км-т орших Балад хотын ойролцоо аюулаас хамгаалах хүчин шиитүүдийн дэмжлэгтэй “Лалын улс” бүлэглэлтэй дайтаж, долоон босогчийг устгасан гэж эх сурвалж мэдээлсэн боловч цэргүүд болон шиитүүдийн хохирлын талаар нарийн мэдээлэл өгөөгүй ажээ.

Иракийн аюулаас хамгаалах хүчин болон “Лалын улс” бүлэглэл хоорондын цуст мөргөлдөөн зургадугаар сарын 10-нд эхэлж, энэ үеэс Иракийн аюулгүй байдал эрс муудсаар байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: