sonin.mn

МЕХИКО. /RIA Novosti/.  Мексикийн Чильпансинго хотод болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсны улмаас найман хүн гэмтэж бэртсэн тухай Герреро мужийн эрх баригчид мэдээлж байна.

Цагдаа нарын мэдээлснээр, жагсагчид хоёр сар хагасын өмнө Игуала хотод сураггүй алга болсон оюутнуудын эцэг, эхэд концертын тайз засахад туслахаар төв гудамжнуудын нэгд ирсний дараа өглөө эрт мөргөлдөөн эхэлжээ.

Тэнд согтууруулах ундаа үнэртүүлсэн, энгийн хувцас өмссөн цагдаа нар жагсагчдад халдсан гэж “El Universal” сонинд тэмдэглэсэн байна.

Эхний мөргөлдөөний дараа жагсагчид цагдаа нарын байрласан байж магадгүй байсан зочид буудлуудын нэг рүү дайран орж, цагдаа нарыг зодож, гурван цагдааг хорьж саатуулжээ.

Мөргөлдөөний үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан бөгөөд таван энгийн иргэн гэмтэж бэртсэн байна. Жагсагчдад зодуулсан гурван цагдаа хүнд бэртэл авсан байна. Албан бус мэдээллээр, гэмтэж бэртсэн цагдаа нарыг сулласан бөгөөд тэд хүнд байдалтай эмнэлэгт хүргэгджээ.

Цагдаа нар оюутнуудыг хулгайлж, “Нэгдмэл дайн” бүлэглэлийн гэмт этгээдүүдэд шилжүүлэн өгсөн хэрэг Игуала хотод есдүгээр сарын сүүлээр гарсан билээ. Энэ хэрэг боловсролын шинэчлэлийг эсэргүүцсэн оюутнуудын эсэргүүцлийн ажиллагааны үеэр гарсан юм. Игаула хотын дарга асан Хосе Луис Абаркигийн тушаалаар оюутнуудад халдаж, улмаар зургаан хүн газар дээрээ амиа алдаж, 43 оюутан сураггүй алга болжээ. Үүнээс хойш сураггүй болсон оюутнуудаас зөвхөн нэгийнх нь цогцос олдсоныг хэн болохыг нь тогтоосон юм.

Сураггүй алга болсон оюутнуудын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан этгээд хэсэг бүлэг хүнийг хөнөөснөө хүлээсэн гэж Мексикийн Ерөнхий прокурор Хесус Мурильо Карам урьд нь мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: