sonin.mn

ДУБАЙ. /BBC/. Нефтийн үйлдвэрлэлийг багасгаснаар үнийн уналтаас хамгаалахгүй гэж Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ тэргүүн дахин мэдэгджээ.

"Аль хэдийн гарсан шийдвэрээ өөрчлөхгүй” гэж ОПЕК-ын ерөнхий нарийн бичгийн дарга Абдаллах Салем Эль-Бадри Дубайд мэдэгдсэн байна.

Баасан гарагт нэг торх түүхий нефтийн үнэ 62 долларт хүрсэн нь 2009 оноос хойших хамгийн бага үнэ юм.

ОПЕК нефтийн үнийн уналтад үнэлгээ хийж байна гэж Эль-Бадри мэдэгдэв.

Өнгөрсөн сард Вена хотод ОПЕК хуралдаж, үйлдвэрлэлийн түвшинд өөрчлөлт оруулахгүй гэсэн шийдвэр гаргаснаас хойш тэрбээр анх удаа тайлбар хийсэн нь энэ юм.

"Энэ шийдвэр нь бусад нефть олборлогч орныг унагах зорилгогүй. Уг шийдвэрийг АНУ болон занарт тосонд чиглэсэн гэж зарим хүн үзэж байна. Зарим нь үүнийг ОХУ, Иранд чиглэсэн шийдвэр гэж ч хэлсэн. Энэ бүгд худлаа" гэж тэрбээр мэдэгджээ.

Дэлхийд нефтийн эрэлт багасаж, АНУ-ын нефтийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр зургадугаар сараас эхлэн түүхий нефтийн үнэ бараг 50 хувиар унасан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: