sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Палестин улс байгуулах тухай тогтоолын төслийг энэ сарын 17-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд /АЗ/ танилцуулна гэж Палестиныг чөлөөлөх байгууллагын гүйцэтгэх хорооны гишүүн Васель Абу Юсеф мэдэгджээ.

“Эзлэн түрэмгийллийг зогсоох тогтоолын төслийн төлөө саналаа өгөх зорилгоор Аюулгүйн зөвлөлд айлчлах шийдвэрийг Палестины удирдлага гаргасан” гэж улс төрчийн хэлснийг Франс Пресс агентлаг цохон тэмдэглэж байна.

Палестины нутаг дэвсгэрээс Израилийн цэргүүдийг 2016 оны 11 дүгээр сард багтаан гаргах тодорхой хугацааг тогтоосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төслийг Палестины эрх баригчид Арабын бусад орны дэмжлэгтэйгээр боловсруулжээ. АЗ-ийн байнгын бус гишүүн орон болох Иордан улс  Палестин улсын тухай тогтоолын төслийг 2015 оноос өмнө АЗ-д өргөн барих ёстой байна.

Холбогдох тогтоолыг НҮБ-ын АЗ батална гэдэгт Палестины удирдлага найдаж байгаа аж. Палестины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэхийг зогсоох тодорхой хугацааг тогтоох НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг ОХУ дэмжихэд бэлэн гэдгээ мэдэгджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар Италийн нийслэл Ром хотод ирэх ням гарагт уулзаж, Ойрхи Дорнодын тухайлбал, Иордан голын Баруун эргийн байдлыг хэлэлцэнэ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 135 орон Палестин улсыг хүлээн зөвшөөрчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: