sonin.mn

Сирийн Ерөнхийлөгч Б.Асадын Францын “Paris Match"сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Та гурван жил үргэлжилсэн дайны дараа хувьсгалын анхны шинж тэмдэг илрэхэд зарим нэг зүйлийг арай өөрөөр залах боломж байсан гэж харамсдаг уу?

-Тэдгээр үйл явдлын эхний өдрүүдэд л цэрэг, цагдаагийн байгууллагаас олон тооны хүн амь насаа алдсан. Анхнаасаа л алан хядах үйл ажиллагаатай нүүр тулгарсан. Тэр үед эсэргүүцлийн жагсаал болж байсан нь үнэн боловч олныг хамардаггүй байв.

Ийм тохиолдолд иргэдээ алан хядагчдаас хамгаалахаас өөр сонголт байгаагүй. Бид анх хямрал эхэлснээс хойш алан хядагчидтай тэмцсэн дээ харамсч байна гэх аргагүй. Энэ нь бид амьдрал дээр алдаа гаргаагүй гэсэн үг биш.

Алдаа хаана ч гардаг. Аливаа зүйлийг үнэн мөнөөр нь ярья. Тухайн үед Катарын эрх баригчид тэдгээр алан хядагчдад мөнгө өгч, Турк тэдэнд логистикээр тусалж, барууны орнууд улс төрийн дэмжлэг үзүүлээгүй бол энэ бүхэн арай өөр замаар явах байсан.

Хямрал эхпэхээс өмнө бид Сирид тодорхой алдаа гаргасан нь хэвийн үзэгдэл боловч дээрх үйл явдлууд өрнөхөд заавал дотоод хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж болохгүй.

-Танай армийг энэ дайны явцад хэт их хүч хэрэглэсэнд буруутгадаг. Яагаад энгийн иргэдийн эсрэг тэсрэх бөмбөг хэрэглэж байна вэ?

-Алан хядагчид зэвсэг бариад довтолж байхад та өөрийгөө болон ард иргэдээ яаж хамгаалах гэж. Ярилцаж уу. Эсрэг тал зэвсэг хэрэглэж байхад арми тэдний эсрэг зэвсэг хэрэглэнэ. Харин энгийн иргэдийн эсрэг тэсрэх сум, бөмбөг хэрэглэх шалтгаан байхгүй.

Хэрэв бид өөрийн ард иргэдийг хөнөөж, бидний эсрэг тэмцдэг алан хядагчид, тэднийг дэмжигч булангийн орнууд, Турк, барууны орнуудтай нэгэн зэрэг тэмцэж байсан бол бид дөрвөн жил тэсч чадах байсан гэж үү.

Бид ард иргэдээ хамгаалж байгаагүй бол энэ бүх дарамтыг давж гарч чадахгүй байв. Энэ бүгдээс харахад бид ард иргэдээ тэсрэх бөмбөгөөр хөнөөж байна гэх нь утгагүй хэрэг.

-Хомс, Хама хотын сансрын зургаас харахад орчин тойрон нь тэр аяараа сүйдсэн харагддаг. НҮБ-аас энэ дайны явцад нийт 190 мянган хүн амь үрэгдсэн тухай мэдээлдэг. Тэд алан хядагчдын ойр орчинд байсан уу?

-Юуны түрүүнд, НҮБ-ын тоо баримтыг тодруулах нь зүйтэй. Энэ тоо баримтыг ямар эх сурвалжаас авсан бэ. Дэлхийн даяар, нэн ялангуяа хэвлэлүүдэд гарч буй тоо баримтууд хэтрүүлэгтэй, бодит биш байна.

Хоёрдугаарт, эвдрэл сүйрлийн дүр зургийг хиймэл дагуулаас гадна газар дээр нь авахад илүү нарийн тодорхой дүр зураг гардаг. Алан хядагчид аль нэг дүүрэгт нэвтэрч эзэлсэн тохиолдолд арми түүнийг нь чөлөөлөх хэрэгтэй болсноос тулаан өрнөж, эвдрэл сүйрэл гарах нь зайлшгүй. Гэхдээ олонхи тохиолдолд алан хядагчдын нэвтэрсэн дүүргээс энгийн иргэд зугтан гардаг.

Сирид бодит амьдрал дээр төр засгаа дэмжигчид илүү олноор амь насаа алдаж байна. Тэдгээрийн олонхи нь алан хядах ажиллагааны үеэр амь үрэгддэг. Алан хядлага үйлдэж байхад гэмгүй хүмүүс амь насаа алддаг. Ийм зүйл дэлхийд хаа сайгүй л болдог. Харин төр засаг нь ард иргэдээ овоо хараандаа оруулах нь байж болшгүй хэрэг.

-НҮБ-ын мэдээллээс үзэхэд одоо Сирийн гурван сая гаруй иргэн хөрш зэргэлдээ орнуудад дүрвэн гарсан нь танай улсын нийт хүн амын наймны нэгтэй тэнцэж байна. Тэд алан хядагчидтай холбоотой юу?

-Үгүй. Сирийг орхин гарсан хүмүүс алан хядагчдаас болж дүрвэсэн. Тэдний дунд алан хядагчдыг дэмждэг хүмүүсээс гадна төр засгаа дэмждэг хэрнээ аюулгүй байдлыг эрэлхийлэн эх орноо орхиход хүрсэн иргэд бий. Түүнчлэн аль нэг талыг дэмждэггүй хүмүүс нэлээд хувийг эзэлдэг.

-Цэрэг дайны талаас харвал танд энэ дайнд ялах арга хэрэгсэл бий юү?

-Одоо бид зэвсэгт бүлэглэлүүдээс гадна харь гүрнүүдтэй тэмцэж байна. Тэдгээр бүлэглэлд хэдэн тэрбум ам.доллар зарцуулж, Турк зэрэг олон орон зэвсгээр хангадаг. Тиймээс энэ дайн цэрэг дайны талаас нь авч үзвэл амаргүй. Гэсэн хэдий ч Сирийн арми олон газар ялалт байгуулж байна.

Нөгөөтэйгүүр энэ дайн хэзээ, хэрхэн дуусахыг хэн ч урьдчилан таах боломжгүй. Алан хядагчдыг дэмжсэн иргэдийн тоо цөөрсөн нь арми ялж буйн нэг шалтгаан юм. Тиймээс бид энэ дайныг цэрэг дайны, нийгмийн болон улс төрийн байр сууринаас харах хэрэгтэй.

-Та нар улсынхаа нутгийн тэн хагасыг хянаж чадахгүй байхад тэд ялагдаагүй биз дээ?

-Сирийн арми нутгийнхаа бүх хэсэгт байхгүй, тийм боломжгүй. Үүнээс болж Сирийн арми байхгүй нутагт алан хядагчид хилээр нэвтэрч, орж ирдэг. Сирийн арми хүсвэл аль ч хот, дүүргийг эзэлж чадна.

Гэхдээ энэ бол бид аль нэг хэсгийг нь эзэлж, эсрэг тал нөгөө хэсгийг эзэлж болдог буюу нэг арми нөгөөтэйгөө тулалддаг дайн биш. Дайн тэс ондоо хэв маягтай өрнөж байна. Алан хядах бүлэглэлүүд аль нэг хот, тосгон руу гэнэт нэвтрэн орж, үйл ажиллагаагаа эхлүүлдгээс энэ дайн их хүнд хэцүү нөхцөлд удаан үргэлжилнэ.

-Олон хүн таныг суудлаа тавьж өгвөл энэ бүхэн шийдвэрлэгдэнэ гэдэг. Та үүнд итгэдэг үү?

-Аливаа улсын Төрийн тэргүүн Үндсэн хуулийн хүрээнд эрх мэдлээ авч, түүнийгээ хүлээлгэн өгдөг. Аль ч орны Ерөнхийлөгчийг эмх замбараагүй байдал үүсгэж, зайлуулж болохгүй. Францын эрх баригчдын бодлогын хүрээнд М.Каддафиг довтолсны үр дүн бол үүний тод жишээ.

Эцэст нь эмх замбараагүй байдал үүсч, М.Каддафиг зайлуулсан. Энэ тэгээд шийдэл болж чадав уу. Нөхцөл байдал сайжирч, Ливи ардчилсан улс болсон уу. Төр улс гэдэг хөлөг онгоцтой адил.

Шуурган дунд ахмад нь зугтаж, онгоцоо живүүлж болохгүй. Зорчигчид нь онгоцоо орхин буухаар шийдвэл ахмад нь хамгийн түрүүнд биш харин хамгийн сүүлд хөлгөөс буух ёстой.

-Тэгвэл ахмад амь насаа алдахад бэлтгэх хэрэгтэй гэсэн үг үү. М.Каддафийн тухай дурдлаа. Таныг С.Хуссейн болон М.Каддафийн адил хувь тавилан хүлээж байна гэж эмээдэг үү?

-Ахмад хүн амьдрал, үхлийн тухай бус хөлгөө аврах тухай боддог. Хөлөг нь живсэн тохиолдолд бүгд амь насаа алдах тул эх орноо аврах нь зүйтэй. Би энд нэг зүйлийг онцлох ёстой.

Ерөнхийлөгчийн суудалд үлдэх нь хэзээ ч миний зорилго байгаагүй. Хямрал эхлэхээс өмнө, өрнөх явцад тийм байсан дуусах үед ч мөн адил байх болно. Сиричүүд бид барууны орнуудын утсан хүүхэлдэй улс болохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол бидний хамгийн гол зорилт, баримтлах зарчим юм.

-“Исламын улс” бүлэглэлийн тухай ярилцъя. Зарим хүн Сирийн дэглэмийг сөрөг хүчнийг задлан бутаргах зорилгоор Исламын хэв даврах үзэл хүчирхэгжихийг дэмжсэн гэдэг. Та үүнд ямар хариу өгөх вэ?

-Бид Сирид өөрийн төр, улстай болохоос ямар нэг дэглэм тогтоогоогүй. Юуны түрүүнд нэр томъёоны хувьд тохиролцъе. Хоёрдугаарт, бид “Исламын улс” бүлэглэлийг дэмжсэн тухай таны хэлсэн зүйл үнэн зөв юм гээд төсөөлье.

Тэгвэл бид өөрсдийгөө, цэргийн нисэх буудлуудаа довтлохыг тэднээс хүсч, хэдэн зуун цэргийн албан хаагчаа хөнөөлгөн, олон арван хот тосгоноо зориуд эзлүүлсэн болж таарна. Үүнд ямар нэг логик байна уу. Бид үүнээс юу хожив. Сөрөг хүчнийг талцуулж, сулруулах гэж үү.

Сөрөг хүчнийхнийг ийм аргаар сулруулах шаардлага байхгүй. Барууны орнууд тэднийг хуурамч сөрөг хүчин байсан тухай өгүүлдэг. Б.Обама энэ тухай мэдэгдсэн. Энэ таамаглал нь худал тул бодит үнэн юу болохыг хэлье.

Үнэндээ бол “Исламын улс”-ыг 2006 онд Иракт байгуулсан юм. АНУ-ын цэрэг Иракийг эзэлсэн болохоос Сири үүнд хамаагүй. Абу аль Багдади Сирийнх биш харин Америкийн шоронд хоригдож байсан. Тэгэхлээр “Исламын улс" бүлэглэлийг Сири байгуулсан уу, АНУ байгуулсан уу.

-Дамаскад уулзсан Сирийн иргэд “Исламын улс” бүлэглэлийн тухай ярихаасаа илүү барууны орнуудад нууц байдалд орсон жихадын бүлэглэлүүдийн тухай их ярих юм. Хачирхалтай байгаа биз?

-Алан хядах ажиллагаа бол ямар нэг байгууллага юмуу бүтэц биш харин үзэл суртал юм. Үзэл сурталд аливаа хил хязгаар саад болохгүй. Алан хядах ажиллагааг 20 жилийн өмнө аль нэг бүс нутаг, тухайлбал, Саудын Араб зэрэг булангийн орнуудаас экспортолдог байв. Харин одоо энэ үзэгдэл Европоос, нэн ялангуяа, Францаас манай бүс нутагт ирдэг боллоо.

Европоос Сирид ирж буй алан хядагчдын олонхи нь Францаас гаралтайгаас гадна тэд тус улсад маш олон алан хядах ажиллагаа үйлдсэн юм. Дээр нь Белыи дэх еврейн музейд халдлага үйлдсэн нь Европт алан хядах үйл ажиллагаа унтаа байдлаас гарч, дахин сэргэснийг илтгэж байна.

-Америкчууд “Исламын улс”-ын эсрэг тэмцэлдээ тактикийн хувьд (ойрын хугацаанд) та нартай холбоотон гэж болно. Та АНУ-ыг танай дотоод хэрэгт оролцож буйг улсын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг гэж үзсэн хэвээр үү?

-Нэгдүгээрт, та тактикийн хувьд гэж хэлсэн нь их чухал нөхцөл юм. Стратеги төлөвлөлтгүй тактик ямар нэг үр дүнд хүрдэггүй болохоор ийм аргаар алан хядах ажиллагааг ялахгүй.

НҮБ-ын Аюлгүйн зөвлөлөөс зөвшөөрөөгүй тул энэ бол хууль бус халдлага. Хоёрдугаарт, манай нутагт халдсанаар бүрэн эрхт байдлыг нь хүндэтгээгүй хэрэг. Энэ бол хууль бус бөгөөд улсын маань бүрэн эрхт байдалд халдсан түрэмгийлэл юм.

- “Franсе Ргеssе” агентлагийн мэдээлснээр танай нисэх хүчин 40 хоногийн хугацаанд нийт 2000 орчим нислэг үйлдсэн нь том тоо. Сирийн нисэгчид Ракка зэрэг зарим хотыг бөмбөгдөхөөр нисэхдээ эвслийн гишүүн орнуудын онгоцнуудтай таардаг. Энэ үед тэдний ажлыг хооронд нь уялдуулах юмуу харилцан дайсагнахгүй байх тухай үүрэг өгдөг үү?

-Ажлыг нь уялдуулах талаар ажил хийгээгүй. АНУ юмуу холбоотнууд нь юу хийж байгаагаас үл хамааран бид алан хядагчдыг хаа сайгүй довтолдог. Сирийн армиас үйлдэж буй бөмбөгдөлтийн тоо эвслийн гишүүн орнуудынхаас илүү гэдгийг сонсоод та гайхах байх.

Энэ хоёр талын ажлыг ямар нэг байдлаар уялдуулах ажи; хийгээгүй. Дээр нь эвслийн гэх орнуудын бөмбөгдөлт нь ердөө өнгөлөн далдлалт хийх шинжэй гэдгийг ойлгох нь зүйтэй.

-Гэхдээ эдгээр бөмбөгдөлт та нарт тус хүргэж, энэ үйл ажиллагаа Сирийн Засгийн газар, байр суурьд тань тус үзүүлж байна гэж үзсэнээс болж, Батлан хамгаалахын сайд Ч.Хагел огцорсон шүү дээ?

-Энэ асуулт биднийг “Исламын улс"-ад дэмжлэг үзүүлдэг эсэх тухай таны өмнөх асуулттай зөрчилдөж байна. Энэ нь бид “Исламын улс”-тай дайсагнадаг гэсэн үг.

-Америкчуудын хувьд Ч.Хагел огцорсон нь эвслийн орнууд агаараас бөмбөгдөж эхэлсний нэг үр дүн юм. Харин танд энэ бөмбөгдөлт ямар нэг тус хүргэв үү?

-Алан хядах ажиллагааг агаараас үгүй хийх боломжгүй. Агаараас дэмжлэг авч газар дээр байлдааны ажиллагаа явуулж байж л үр дүнд хүрнэ. Тэд хоёр сар бөмбөгдөхөд ямар нэг мэдэгдэхүйц үр дүн гарсангүй.

Тиймээс эвслийн орнуудын бөмбөгдөлт бидэнд ямар нэг тус хүргээгүй. Тус бүс нутаг дахь “Исламын улс” бүлэглэлд Турк зэрэг орнууд тусалж байгаа болохоор газар дээр тулалдаж байгаа бидэнд ямар нэг өөрчлөлт мэдрэгдсэнгүй.

-Эхнэр тань өөрийгөө орчин үеийн амьдралын хэв маягийг нэвтрүүлэгч гэж үздэг байсан. Тэрбээр Сирийг орхин гараагүй болохоор үйл явдлуудыг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Тэр Сирийн иргэдийн нэгэн адил шаналдаг. Бид хоёр Сири дахь эвдрэл, сүйрэл, цус урсч буйг хараад шаналдаг. Аюулгүй байдлын хувьд дэлхийд айргийн тавд багтдаг байсан энэ орон алан хядагчид орогнодог үүр болсныг харахад тун хэцүү байдаг.

Дээр нь барууны орнууд биднийг хөгжил, ил тод байдалд хөтлөхийн оронд бүр дордуулахыг оролдож байгааг хараад маш их шаналдаг. Тэр тусмаа Саудын Араб, Катар зэрэг дундад зууны үеийн дэг жаяг ноёрхсон булангийн орнуудыг барууныхан холбоотноо болгосныг хараад харамсдаг.

-Хүмүүс таныг хүүхдүүдтэйгээ их ойр дотно харилцдаг тухай ярьдаг. Та тэдэнд улс орондоо болж буй үйл явдпыг хэрхэн тайлбарладаг вэ?

-Сирийн айл өрх бүрт энэ тухай яриа өрнөдөг. Энэ хямралын үеэр нийгмийн оюун ухамсар нь бүрэлдэн тогтсон хүүхдүүдтэй ярилцахад хамгийн хэцүү байдаг. Энэ үед манайх төдийгүй олон айл өрхийн хүрээнд хоёр гол асуулт тавьдаг.

Нэгдүгээрт, “Бурхан болон Исламд итгэж, түүнийгээ хамгаалдаг гэх хүмүүс яагаад хүний амь хөнөөж байна вэ’ гэж. Үүнийг тайлбарлахад их хэцүү бөгөөд хүүхдүүд “Тийм хүмүүс өөрсдийх нь буруу гэдгийг мэддэг” эсэхийг асуудаг. Хариуд нь  тэдний дунд үүнийгээ мэддэг хэрнээ шашныг хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгосон хүмүүс болон шашин бол сайн зүйл гэдгийг мэдэхгүй харанхуй нэгэн бас байдаг тухай хэлдэг. Тийм хүмүүс шашныг  аллага үйлдэхийг шаарддаг гэж боддог.

Хоёр дахь асуулт бол “Барууны орнууд яагаад бидний эсрэг халдаж, алан хядагчид, эвдрэл сүйрлийг дэмжиж байна вэ” гэж. Тэд барууны орнууд гэдэгтээ бүгдийг нь биш харин АНУ, Франц, , Их Британи зэрэг орныг нэрлэдэг. Гэхдээ тэд яагаад үүнийг үйлддэг  вэ. Бид тэдэнд ямар нэг муу зүйл хийсэн гэж үү. Бид хүүхдүүддээ хүмүүс бол улс орноос арай өөр байдгийг талбарладаг.

Д.Мөнхболд

Эх сурвалж: