sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Олон улсын зуучлагч “зургаа”-тай хэлэлцээ хийж байх үед уран баяжуулах зорилгоор Иран улс 9000 шинэ центрифугийг ашиглалтад оруулахгүй гэж тус улсын Атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Али Акбар Салехи мэдэгджээ.

“Одоогоор бид 20 мянга орчим центрифуг суурилуулснаас 9000 нь ажиллаж байгаа бол 9000-ыг нь хараахан ашиглалтад оруулаагүй байна. Хэлэлцээ хийх үеэр 9000 центрифугийг нэмж ашиглалтад оруулахгүй” гэж Салехи хэлснийг телевизийн “PressTV” суваг онцлон тэмдэглэж байна.

Түүний хэлснээр, хэлэлцээний өмнөх шатны хүрээнд аман тохиролцоогоор ийм шийдвэрийг гаргажээ.

Иран болон “зургаа”-гийн хооронд Швейцарийн Женев хотод энэ сарын 17-нд улс төрийн захирлуудын түвшинд хэлэлцээ хийнэ.

Хориг арга хэмжээг бүрэн цуцалсны хариуд Тегераны цөмийн хөтөлбөрт зөвхөн энхийн баталгаа олгох гэрээ боловсруулах тохиролцоог Олон улсын зуучлагч “зургаан” орон болох ОХУ, АНУ, Их Британи, Франц, Хятад, Германы төлөөлөгчид Женев хотод 2013 оны 11 дүгээр сард Иран улстай хийжээ. Нэг жил өнгөрсний дараа товлосон хугацаа болох 11 дүгээр сарын 24-нд ийм гэрээ боловсруулаагүй бөгөөд зөвхөн “үйл ажиллагааны завсрын төлөвлөгөө” л байгаа аж. Талууд хэлэлцээний хугацааг ирэх оны зургадугаар сарын эцэс хүртэл сунгажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: