sonin.mn

Ардчиллын буянаар мөн ч олон сайхан юм үзэж байна аа. Зарим нь бүр энэ насандаа бүү хэл хойд насандаа ч үзэмгүй этгээд сонин, марзан гэмээр ч гойд нь байх юм. С.Цогтсайхан агсны дуулсан “Хонхны дуу”-нд Монгол Улсын Ерөнхийлегч Төрийн соёрхол хүртээв.

Хүнд биш дуунд гээд бод доо. Энэхүү дуу нь өөрөө бий болж, хүний хоолойгоор дуулагдаад, хувьсгал хийсэн ч юм шиг. Дуу нь өөрийгөө зохиогоод дуучнаа олж дуулагдсан ч юм шиг. Эзэн нь шагнагдаагүй, бүр нэхэн шагналд ч дэвшиж үзээгүй байхад дуу нь шууд л ногоон гэрлээр Төрийн соёрхол хүртэнэ. Мундаг байгаа биз.

Амь биегүй зүйлд Төрийн соёрхол олгож эхэлсэн болохоор одоо цааш нь хөвөрч өгнө биз. Хүмүүсийн итгэл сүсэг бишрэлийг чин үнэнчээр татаж, хавар бүр хүмүүсийн хөл хөдөлгөөнөөр тасардаггүй “Ээж хад” цаашилбал тэртээ Сэлэнгэ аймагт буй “Ээж мод”-нуудыг бас шагнах хэрэгтэй шүү дээ.

Орон нутгийн иргэд, сүсэгтнүүдийн зүгээс сэтгэл гаргаад энэ тэрүүгээр хөөцөлдөөд үзвэл дээрх шүтээнт газруудад Төрийн соёрхол олгосон байхад нэг их гайхах хэрэггүй байх шүү.

Энэ Ардын намынхан Ардчиллынханаас их юм сурах хэрэгтэй байна. Ардын хувьсгал хийгээд Ар Хиагтыг эзлэхдээ зохион дуулж, цэрэг эрс төдийгүй нийт улс орон даяараа түрэн цуурайтуулсан “Шивээ Хиагт” дуу мартагдсан гэж хэлэх хүн байхгүй байх. Цэцэрлэгийн хүүхдээс эхлээд цэрэг эрсийн жагсаалд аялгуу нь хадаж, одоо ч дуулагдсаар л байгаа билээ.

Гэтэл энэхүү дуунд Төрийн соёрхол бүү хэл дууны үгийг нь төмөр дээр сийлээд хаа нэгтээ хадаж, ёсолсон нь үгүй. Дуулж л байдаг дуу. Ардын намд Ардчилсан Ерөнхийлөгч шиг ухаантай хүн төрсөнгүй юу эсвэл дуунд Төрийн соёрхол хүртээхдээ тултал жижгэрэхгүй гэсээр өдийг хүрсэн юм болов уу.

Төрийн шагнал том. Гэхдээ эзэн биегүй эд зүйлд олгогдоод эхлэхээр Дамбадаржаад нутаглагч Долдой хөгшин хотоо манасан банхар нохойгоо Төрийн соёрхлоор шагнуулна гэж агсам тавибал хэн юу хэлэх вэ.

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: