sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдыг өнөөдөр шагнав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж, шилдэг залуу эрдэмтдэд баяр хүргэлээ. Хоролрагчаагийн Алтанзул, Тогоогийн Хонгорзул, Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналыг хүртээлээ.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Хоролрагчаагийн Алтанзул нь Монгол орны ховордож, нөөц нь багасч буй эмийн ургамлын төрөл, зүйл, генофондыг хадгалах, тэдгээрийн биологийн нөөцийг нэмэгдүүлэх, эмийн ургамлыг биотехнологийн аргаар богино хугацаанд их хэмжээгээр гаргаж авах боломжтойг туршилтаар баталсан “Монгол орны зарим ховор, нэн ховор эмийн ургамлын биотехнологийн судалгаа” сэдэвт шилдэг бүтээл туурвисан байна.

Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн багш, доктор Тогоогийн Хонгорзул шинжлэх ухаанд өмнө нь тодорхойлогдож байгаагүй хүний дархлааны тогтолцоо, эсүүдийг дэмждэг шинэ эсийг олж нээсэн “Альфа-гөлгөр булчингийн актины илрэлээр тунгалагийн булчирхайн шинэ бүтцийн эсийг нээж илрүүлсэн дүн” сэдэвт дархлааны эдийн нөхөн сэргээлтэд чухал ач холбогдолтой судалгаа хийж дархлаа судлалын ухаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ нь Монгол орны болон дэлхийн байгаль орчны асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг судалсан “Антарктид дахь цагаан алтны бүлгийн элементүүдийн тунадасжилт, тэдгээрийн эх үүсвэрийн судалгаа”, “Говийн бүсийн агаарын тоосонцрын ионы болон хортой хүнд элементийн судалгаа” зэрэг байгаль хамгааллын үйлсэд хувь өгөхүйц дорвитой бүтээл туурвисан.

Ийнхүү ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Хоролрагчаагийн Алтанзул, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн багш, доктор Тогоогийн Хонгорзул,МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналыг тус тус хүртээлээ.