sonin.mn

ССАЖЯ-ны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгох Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ талаар Эрүүл мэнд, спортын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Хүүхдийн эмнэлгийн асуудал өнөөгийн тулгамдсан асуудал болчихоод байна. Энэ цагт татан буулгасан яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гарсанд иргэд талархаж байна. Эмнэлгийн үйл ажиллагаа хэзээ эхлэх боломжтой вэ?

-Бид хэд хэдэн төрийн өмчит байрыг очиж үзсэн. Тэднээс хамгийн боломжит хувилбар нь татан буулгасан яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мэдээж энэ барилгын зориулалт нь эмнэлгийн байр биш.

Яг эмнэлгийн стандартыг олон улсын жишгээр хангана гэвэл энэ байрыг ашиглах боломжгүй. Гэхдээ өнөөдөр хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүйгээс коридорт хэвтэж байна. Иймд эмнэлгийн асуудлыг маш яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэдэг үүднээс энэ байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргалаа.

Хөрөнгө оруулалтыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Гол нь тоног төхөөрөмж, бага зэргийн засварын ажлуудыг хийнэ. Ашиглалтад орох хугацааны хувьд аль болох хурдан гэдэг зарчим барьж байна. Бид мөнгөний асуудлыг шийдчихвэл гурван долоо хоногийн дотор ашиглалтад оруулах зорилт тавин ажиллана.

-Дээрх эмнэлэгт аль дүүрэг, хорооны хүүхдүүд хэвтэх боломжтой вэ. Эсвэл хүүхдийн II эмнэлгийн салбар эмнэлэг болох уу?

-Одоохондоо аль нэг эмнэлэг, газрын харьяа байх эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч, манай яам эмнэлгээ байгуулна. Цаашдаа яамны харьяа байх уу, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байх уу гэдгийг ярина.

Төсөв мөнгө, урсгал зардал нь аль талдаа шийдэгдэхээс цаашдын үйл ажиллагааг хэн хариуцах нь тодорхой болно. Манай яамны байр суурь бол яваандаа Нийслэлийн эрүүл мэндийн газарт хариуцуулах бодолтой байна.

Гэхдээ биднээс шалтгаалахгүй, бусад шийдвэр гаргагчдын эрх мэдлийн асуудал. Ялангуяа,салбарын сайд Г.Шийлэгдамба тодорхой шийдвэр гаргах болов уу гэж бодож байна.

-Хүүхдүүд коридорт хэвтэж байгааг та онцоллоо. Хүүхдийн өвчлөлийн шалтгаан нь юу байна вэ?

-Өвлийн улиралд ханиад томуу ихэсдэг. Мөн шаардлагагүй хэвтэлт их байна. Тиймээс эмч нарт “Шаардлагагүй тохиолдолд заавал хэвтүүлэх хэрэггүй. Гэрээр нь эмчлэх хэрэгтэй” гэсэн зөвлөмж хүргүүлж байгаа. Өрхийн эмнэлгийн эмч нарт ч ийм чиг өгч байна.

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа нь хаа хаанаа ойлгомжтой байна. Эхний ээлжинд дээрх эмнэлгийн засварт хэдий хэмжээний төсөв шаардлагатай байна вэ?

-Бид эхний ээлжинд засвар үйлчилгээг оруулаад нэг тэрбум орчим төгрөг хангалттай хүрэх болов уу гэсэн тооцоо гаргаж Засгийн газрын хуралдаанд өгсөн. Зарим Засгийн газрын гишүүн “Засвар үйлчилгээний мөнгө бага байгаа юм биш үү, хүрэх үү” гэсэн байр сууринаас хандсан.

Бид байрны засварт 200 сая төгрөг тавьсан. Тус байранд өмнө нь бүхэл бүтэн яам үйл ажиллагаа явуулж байсан гэдэг утгаараа харьцангуй засвар хийчихсэн байсан. Тиймээс засварт бага мөнгө тавьсан. Болж өгвөл бага зардлаар чанартай сайн ажил хийхийн төлөө ажиллана.

-Бусад эмнэлгээс тоног төхөөрөмж илүүчилж байршуулах боломж бий юү. Жишээлбэл, аппарат хэрэгсэл, ор, эм тарианы нөөц байдаг уу?

-Боломжийнх нь хэрээр бусад эмнэлгээс тоног төхөөрөмж илүүчилнэ. Гэхдээ одоогийн байдлаар ийм их ачаалалтай байгаа цагт бусад эмнэлгээс төхөөрөмж илүүчлэх нь хүндрэлтэй. Бараг боломжгүй асуудал шүү дээ.

Харин би хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад хэлэхэд уг хүүхдийн эмнэлэгт ямар нэгэн байдлаар хандив тусламж үзүүлэх байгууллага, эм ханган нийлүүлэх аж ахуйн нэгж, тоног төхөөрөмж нийлүүдэг компани байвал та бүхэн Монгол Улсын ирээдүй хүүхдүүдийнхээ төлөө энэ ажилд гар сунгаарай.

Аль болох олон хүний оролцоо чухал шүү гэдгийг хэлье. Та бүхний оруулсан хөрөнгө маш том буян болно гэдгийг хандив өгөх, өгч магадгүй хүмүүстээ уриалж хэлмээр байна.

-Тухайн барилгад засвар хийгээд эмнэлгийн байр бэлэн боллоо гэхэд боловсон хүчний хүртээмж хэр байна вэ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн нарийн мэргэжлийн бэлтгэгдсэн эмч шаардлагатай шүү дээ?

-Боловсон хүчний асуудлыг ярилцаад бид юуны өмнө энэ эмнэлгийг ажиллуулахад дор хаяж хүүхдийн нарийн мэргэжлийн 30 эмч, 60 гаруй сувилагч шаардлагатай байгааг тогтоосон. Хүүхдийн эмчийн асуудлыг салбарынхаа хэмжээнд зохицуулна.

10-20 эмчийг эмнэлгүүдээс татаж оролцуулна. Хүүхдийн эмчийн мэргэжлээр хоёр жилийн сургалтад хамрагдаж байгаа рездент буюу нарийн мэргэжлийн эмч нар бий. Тэгэхээр төгсөх курсын рездент эмч нарыг мөн энэ эмнэлэгт ажиллуулна.

Аль ч оронд рездент эмч бусад эмчийн адил ажиллаж хөдөлмөрлөдөг. Харин сувилагчийн хувьд нэлээд дутагдалтай байгаа. Үүнд ажлын хэсэг байгуулаад хэрхэн сувилагчаар хангах тухай ярина. Хүүхдийн сувилагчийн лецензтэй хүн байвал ЭМС-ын яаманд ирж бүртгүүлж, санал бодлоо хуваалцаж болно.

-Тус эмнэлгийн урсгал зардал хэд байх вэ?

-Сардаа эмнэлгийн нэмэлт урсгал зардал 163 сая төгрөг байхаар тусгасан. Үүнд эмч нарын цалин, эмийн мөнгө багтсан байгаа. Цахилгаан, ус, дулааны мөнгийг оруулаагүй. Учир нь дээрх байр нь төрийн өмчит байр шүү дээ. Өмнөх яамны урсгал зардал байгаа. Түүн дээр нэмээд 163 сая төгрөг байхаар тооцсон.

-Уг эмнэлгийн асуудлыг төсөв дээр хэлэлцээгүй. Тэгэхээр төсөв хөрөнгөө хэрхэн зохицуулна гэсэн үг вэ?

-Төсөвт суулгаагүй байгаа. Эхлээд бид эмнэлгээ байгуулна. Сүүлд нь төсвийн тодотголоор урсгал зардлыг нэмэх боломж гарах байх гэж бодож байна.

-Яамны байрыг сулласан уу. Засварын ажил хэзээ эхлэх вэ?

-Яамны байрыг сулласан байгаа. Одоо засварын мөнгөний асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.

-Их аварга Д.Дагвадорж мөн хүүхдийн эмнэлэг байгуулах талаар мэдээлсэн. Хаана, ямар эмнэлэг барих талаараа танай яамтай ярьж тохирсон зүйл байна уу?

-Одоохондоо манай яамтай холбогдож энэ талаар яриагүй байна. Хэрэв мэргэжил, арга зүйн зөвлөгөө авахаар бол манай талаас нээлттэй гэдгийг хэлье. Бид Д.Дагвадорж аваргыг ийм санал санаачилга гаргасанд баяртай байгаа.

-Яамны байранд байгуулах хүүхдийн эмнэлэг харьяаллын хувьд аль дүүрэгт орж байна вэ. Тухайн дүүргийн хүүхдүүд л үйлчлүүлэх боломжтой юу?

-Тус эмнэлгийн газар нутаг нь Чингэлтэй дүүрэгт багтаж байгаа. Хэрэв нийслэл рүү шилжүүлчихвэл Чингэлтэй дүүргийн харьяанд л очих байх.

-ССАЖЯ хоёр хуваагдаж, ЭМЯ-нд спортын салбарыг нэгтгэж байгаа. Нийт хэдэн хүн танайд ирж байгаа вэ. Байрандаа багтаж байна уу?

-Өрөө тасалгааны хувьд ЭМЯ энэ байрнаас өөр байргүй учраас үүндээ багтахаас өөр аргагүй. Спортын яамнаас нийт бүтцээрээ одоогоор зургаан хүн ирсэн. Бэлтгэлийн төв нь мөн манайх руу нүүж ирэх юм шиг байна лээ.

-Таны нөгөө Америкаас оруулж ирэх элэгний эм юу болсон бэ. Эмийн үнийн хувьд салбарын өмнөх сайд чинь нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан шүү дээ?

-Элэгний эмийн хувьд Америкийн талаас материалаа бүрдүүлж өгөх дутуу байгаа. Саяхан хурал болсон. Удахгүй материал бэлэн болох байх.

-Өмнөх хурлаар мөн материал нь дутуу гэж байсан шүү дээ?

-Тэр хурлаар материал нь огт орж ирээгүй байсан. Одоо дараагийн хурлаар материалаа бүрэн бүрдүүлж орж ирэх байх. Манай талаас энэ эмийг бүртгэж авна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гол нь Америкийн талаас материалаа хангалттай сайн бүрдүүлэх хэрэгтэй.

-Тэгэхээр салбарын сайдаар сонгогдсон Г.Шийлэгдамбад энэ эмийн үнэ болоод үр өгөөжийн талаар дахин танилцуулах шаардлагагүй гэсэн үг үү?

-Би шинэ сайдад “Ийм эмийн асуудал байгаа. Уг эм бол үндэсний эрх ашигтай холбоотой чухал асуудал учраас та энэ эмийг дэмжинэ биз дээ” гэж асуусан. Тэгэхэд “100 хувь дэмжиж ажиллана. Үүнд ямар нэгэн хүнд суртал байхгүй.

Зөвхөн энэ эм ч биш дараагийн элэгний вирустэй холбоотой эм, бэлдмэл оруулж ирэх ажлыг дэмжиж ажиллана” гэдгээ хэлсэн. Үүнд би баяртай байгаа. Ер нь элэгний өвчлөлийг тэргүүлэх чиглэлийн асуудал болгох тал дээр “Хамтарч ажиллаарай” гэдэг хүсэлтийг Г.Шийлэгдамба сайдад тавьсан.

Түүнээс гадна бид элэгний С вирусийг бууруулах үндэсний хөтөлбөр санаачлаад хэлэлцүүлж байна. Би хөтөлбөрийг сайддаа өргөн барьсан байгаа. Тэгэхээр уг хөтөлбөрийг ойрын хугацаанд баталж Засгийн газарт өргөн барих ёстой.

-Америкийн талаас ямар материал бүрдүүлж өгөхгүй удаад байгаа юм бол?

-Дутуу байгаа материал нь Америкийн эм, хүнсний агентлагаар баталгаажсан гэсэн сертификат байгаа. Уг сертификат өмнө нь манайд ирэхдээ эмийн нэр дээр үсгийн алдаа гарсан. Тэр бол ноцтой алдаа.

Тийм учраас дээрх албан бичгийг засч залруулаад дахиж өг гэсэн. Одоо тэрийгээ явуулах ёстой байгаа. Бас нэг юм нь эмийн дээж дээр өнгөний алдаа заасан. Бичиг баримт дээр байгаа өнгөний дагуу дээжээ тааруулаад аваад ир гэсэн. Удахгүй дахин эмийн дээж оруулж ирэх байх.

-Эмийн үнийн хувьд ямар байх вэ. ЭМ-ийн сайд асан Н.Удвал таныг “Хоёр дахин их үнээр элэгний эм шахах гэлээ” гэж байсан шүү дээ?

-Үнийн хувьд өөрчлөгдөөгүй. Сарын хэрэглээ нь 300 ам.доллар. Гурван сарын эмчилгээ нь 900 ам.доллар, харин курсээрээ буюу зургаан сарын эмчилгээ нь 1800 ам.доллар болно. Үүнийг гайхаад, асуудал үүсгээд байх явдалгүй. Н.Удвал сайдал би энэ үнийг л танилцуулж байсан.

-Уг эмийг Америкаас оруулж ирэх саналыг таньд хэн нэгэн зөвлөв үү. Яагаад гэнэт оруулж ирэх болов?

-Би элэг судлаач хүн. Энэ талаар судалдаг хүний хувьд Гадаад харилцааны яаманд Америкийн эм компаниас Монголд энэ эмийг оруулж ирэх санал тавьсан. Үүнийг маш олон хүн дэмжсэн.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: