sonin.mn

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг Төрийн ордонд өнөөдөр энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэж хуралдсан. Хуралдааны талаарх мэдээллийг тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэвлэлийнхэнд танилцууллаа.

Бүлгийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд "Дэмжих нь зүйтэй" гэж үзжээ. Одоогийн байдлаар, нийт 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгодог юм байна. Тиймээс тусгай зөвшөөрлийн тоог багасгах нь зөв шийдвэр гэдэг дээр бүлгийн гишүүд нэгджээ.

Гэхдээ зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөрүүлж байна гээд хүний амь нас, эд хөрөнгө зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн салбар, ялангуяа барилгын салбарын тусгай зөвшөөрлийг багасгахдаа асуудалд нухацтай хандаж, шинжлэх ухаанчаар тооцох хэрэгтэйг бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ.

Тус хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн байна. Уг хуулийг бүлгийн гишүүд дэмжихээ илэрхийлсэн бөгөөд харин энэхүү хуулийн мөрдөн байцаах сонсгол гэсэн зүйл заалтын хэсэг дээр эргэж харах шаардлагатай хэмээн үзжээ.

Түүнчлэн "Шударга ёс" эвслийн бүлэг 2014 оны төсвийн тодотголын асуудалд санал зөрөлдөх зүйлгүй гэсэн бол 2015 оны төсвийн тодотгол дээр ул суурьтай хандах хэрэгтэй хэмээн бүлгийн хуралдаанаараа ярилцжээ.

Б.Туул

Эх сурвалж:
http://sonin.mn/uploads/images/montsame.jpg