sonin.mn

КАРАКАС. /ITAR-TASS/. Эквадор улсад саяхан болсон Өмнөд Америкийн үндэстнүүдийн холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр амь насанд нь халдахаар бэлтгэж байсан гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ. Ийм мэдээллийг тэрбээр ярилцлага өгөхдөө дэлгэжээ. Түүний ярилцлагыг телевизийн “Televen” сувгаар ням гарагт үзүүлсэн байна.

“Өмнөд Америкаас илгээсэн хөлсний алуурчны овог нэр, түүнд төлсөн мөнгө болон мөнгийг шилжүүлсэн банкны данс бүхий мэдээлэл бидэнд ирсэн” гэж Мадуро хэлжээ. Түүний хэлснээр, тэрбээр Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреатай холбоо тогтоосон бөгөөд тэрбээр аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авсан байна.

Венесуэлийн Ерөнхийлөгчийн амь насанд халдах төлөвлөгөө илчлэгдсэн гэж тус улсын эрх баригчид урьд нь удаа дараа мэдээлсэн юм. Тухайлбал,  “Мадурог устгах санхүүжилт олох” шаардлагатай талаар Үндэсний ассамблейн депутат асан Мари Коринагийн цахим захидалд дурдсан байсан гэж Каракас хотын дарга Хорхе Родригес энэ оны тавдугаар сард мэдээлсэн байна. Захидлыг сөрөг хүчний нөлөө бүхий өөр гишүүн Диего Аррияд хаягласан байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: