sonin.mn

ХОНКОНГ /СЯНГАН/. /ITAR-TASS/. Эсэргүүцлийн бүсийн сүүлчийн хэсэг болох Козуй-бэй худалдааны хорооллын бэхлэлтийг Хонконгийн цагдаа нар зайлуулж эхэлжээ. Энд цөөн тооны майхан, саравч, явах замыг хаасан төмөр хаалт үлдсэн бөгөөд эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдын тоо ч ердөө хэдхэн арваар тоологдож байгаа аж.

Авто замын гол хэсгүүдийг хаасан байсан, Адмиралти дүүрэг дэх эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдын гол хуаранг цагдаа нар шүүхийн шийдвэрийн дагуу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу 12 дугаар сарын 11-нд буулгаж, тээврийн хөдөлгөөнийг сэргээсэн байна. Энэ ажиллагааны үеэр 247 идэвхтнийг баривчилсан бөгөөд маргааш нь барьцаагаар суллажээ.

Үүний дараа шууд Козуэй-бэй дэх жагсагчдын сүүлчийн “түшиц газрыг” цэвэрлэнэ гэж тооцоолж байсан боловч амралтын өдрүүдэд эсэргүүцлийн ажиллагаа дахин сэргэж магадгүй байсантай холбоотойгоор энэ түрүүнд хотын төвд хэв журам сахиулах, хяналт тавих шаардлагатай байсан учир энэ ажиллагааг хойшлуулжээ. Гэвч эсэргүүцлийн ажиллагаа болоогүй бөгөөд жагсагчид шинэ ажиллагаа зохион байгуулаагүй байна.

2017 онд болох Хонконгийн засаг захиргааны тэргүүний сонгуульд тавьсан Бээжингийн эрх баригчдын хязгаарлалтыг цуцлахыг шаардсан олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа хоёр гаруй сарын өмнө эхэлсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: