sonin.mn

Нийслэлийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх  хөтөлбөрийн дагуу Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамт төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нийслэлийн иргэд оролцож хамтдаа сүлд модны гэрлээ асаалаа.  

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Халаагаа өгөх гэж буй 2014 онд  Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Дэлхийн томоохон хотууд төв талбайдаа шинэ жилийн сүлд модоо засч, иргэдтэйгээ хамт гэрлийг нь асааж шинэ оноо угтдаг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу нийслэл хотынхоо төв талбайд шинэ жилийнхээ сүлд модныхоо гэрэл асаах ёслолыг гурав дахь жилдээ хамтдаа хийж байна. Угтан  ирж буй 2015 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг та бүхэндээ хүсэн ерөөе”  гэлээ.

Төв талбайд хүрэлцэн ирсэн иргэддээ зориулж  Улаанбаатар чуулгын уран бүтээлчид болон дуучин МУСТА Б.Амархүү, М.Сонор, Хүүхэд залуучуудын улаан театрынхан “Бремен хотын хөгжимчид” зохиолоос сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзиклийг тоглолоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.