sonin.mn

УЛААН-ҮД. /asiarussia/. Өнөөгийн Монгол орон сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд оросуудын төсөөлж байсан шиг улс биш болжээ.

Оросын олон корпораци Монголтой холбоотой дүн шинжилгээ бүхий мэдээллийг мөнгө хөлсийг нь төлөөд худалдан авахад бэлэн байгаа боловч ийм төрлийн захиалгыг тэр бүр биелүүлээд байх боломжгүй байгаа гэдгийг Улс төрийн ухааны доктор Алексей Михалев хүлээн зөвшөөрлөө.

Хэдийгээр Буриадад үйл ажиллагаа явуулдаг энэ чиглэлийн хүрээлэн  олон жил Монгол судлаачдыг хэдэн зуугаар нь бэлтгэн гаргаж байгаа ч ийм боломж бий болсонгүй.

Ер нь оросуудын хувьд, ялангуяа эдийн засаг, бизнесийн салбарынхны хувьд Монголын талаар чухам юу мэдэхийг хүсч байна вэ? Чухам ямар учраас ийм чухал хэрэгцээ шаардлага бий болов?

Энэ орныг бид өөрийн хуучин сайн анд, хөршөө хэмээн үздэгийг бүгд л мэднэ. Гэтэл өдгөө бүх зүйл өөрчлөгдөж, Монгол Улс 20 жилийн өмнөхтэй адил биш болсон, иймээс энэ улсыг судлах хэрэгтэй гэж А.Михалев үзэж байна. Тэрбээр энэ сэдвээр Буриадын “Информ Полис” цахим хуудсанд ярилцлага өгчээ.  

-Алексей, тэгэхээр 16-ны өдрөөс  Монгол-Оросын хооронд визгүй зорчих журам үйлчилж эхэлнэ. Үүнтэй холбогдуулаад асуухад, бид хөршийнхөө талаар чухам юу мэдэж байна, юуг мэдэхгүй байна вэ? Хамтын ажиллагааны хэтийн төлөв ямар байна вэ?

-Цаг хугацааны явцад уламжлал ёсоор бид Монголын түүх, соёл, хэлийг маш сайн мэддэг болсон. Манайд энэ чиглэлээр ажилладаг хүрээлэн ч бий. Харин Монголын орчин үеийн улс төрийн бодлого, эдийн засгийг судлах тухайд гэвэл, энэ тал дээр асар том хоосон орон зай үүсчээ. Бидэнд томоохон бэрхшээлүүд  тулгарч байна. Тухайлбал, өнөөдөр Оросын олон том корпораци Монголын талаар дүн шинжилгээ бүхий мэдээллийг зохих үнээр нь худалдан авахад бэлэн байна. Гэтэл ийм захиалгыг бид тэр бүр биелүүлж чадахгүй байгаа нь үнэн.

Жишээ нь, Монголын банкны салбар, санхүүгийн зах зээлийн байдлын талаар хийсэн судалгааны ажил бидэнд алга, гэтэл барууны мэргэжил нэгт нөхөд маань энэ тал дээр биднийг гүйцэж түрүүлээд тухайн ажлыг чанартай сайн гүйцэтгэж байна. Монголд бараг дэлхийн бүх орноос банкууд ирж ажилладаг. Тус улсын банкны салбар нь Оросынхоос эрс ялгаатай бөгөөд маш сонирхолтой. Монголоос зээл авах тухайд би яриагүй байна л даа.

Нөгөөтэйгүүр, хөдөө нутаг дахь засаглалын байдал ямар байна вэ? гэх мэт судалгаа. Иймэрхүү төрлийн анализ дүн шинжилгээг зөвхөн Дэлхийн банк хийсэн бөгөөд өөрийн сонирхлын дагуу дүгнэлтүүдээ гаргасан байгаа. Тухайлбал, засаглалын төвлөрлийг сааруулах, ардчилсан тогтолцооны байгууллагуудыг бэхжүүлэн хөгжүүлэх зэрэг асуудлыг судлахын сацуу хөдөө тосгод дахь эрүүгийн нөхцөл байдал гэх мэт асуудлыг хамтад нь хөндөж байна.

Улс төрийн судалгааны тал дээр ч гэсэн хоосон орон зай бий. Нөлөө бүхий улс төрийн бүлгүүдийн талаар бид юу ч мэдэхгүй байна. Тэдгээр нь ямар зарчмын үндсэн дээр зохион байгуулагдсан, овог бүлгийн зарчмаар уу эсвэл өөр зарчмаар уу? Овог бүлгийн зарчмаар ажилладаг бол тэдгээр нь чухам ямар овог бүлгүүд вэ? Элбэгдоржийг хүрээлж ямар ямар нөлөөний бүлгүүд байдаг, УИХ-д хэн нөлөөлдөг? Ямар корпорациуд улс төрийн намуудыг санхүүжүүлдэг вэ? гэх мэтчилэн.

Тухайлбал, уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалтыг аваад үзье л дээ. УИХ гаргасан шийдвэрээ гэнэт өөрчилж магадгүй. Хэрвээ ингэж байвал ямар нэгэн лоббины хүчин зүйл орсон байж болох. Энэ талаар бодитойгоор ярихын тулд зохих судалгаа хийх хэрэгтэй. Ийм төрлийн судалгаа одоохондоо алга, гэтэл эрэлт нь байгаад байдаг.

Өөр нэг зүйлийн тухайд. Монголын гэмт хэргийн ертөнцийн талаар бид юу ч мэдэхгүй байна. Судалгаа огт алга. Оросын эрүүгийн ертөнцийн тухайд хангалттай олон удаа бичиж ярьсан, харин Монголын гэмт хэргийн ертөнцийн талаар бид юу ч мэдэхгүй. Монголын эрүүгийн элементүүд Хятадад, түүний дотор Хонконг зэрэг томоохон хотуудад хэрхэн хүрээгээ тэлж байгаа талаарх мэдээлэл хомс байна. Энэ талаар хэн ч юу ч бичээгүй, судалгаа хийгээгүй, тэр бүү хэл Монголд ч ийм төрлийн судалгаа алга.

-Тэгэхээр Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралыг ингэж нарийвчлан судлах нь Оросын бизнесийнхэнд ямар ашигтай вэ?

-Аливаа бизнест хөдөлгөөнт байдал, товч тодорхой байдал нэн чухал. Бизнесийн лавлах эсвэл зөвлөмж байвал тун хэрэгтэйсэн, жишээ нь хөрөнгө оруулалтын төсөл эхлүүлье гэхэд лавлах сөхөн өгөгдлүүдийг бүгдийг хараад л шинжээчдэдээ үүрэг өгөөд л гүйцээ. Тэд цаашид нарийн дүн шинжилгээг хийнэ, дараа нь төсөл шууд хэрэгжээд эхэлнэ шүү дээ. Гэтэл ийм бололцоо алга.   

Монгол судлал дахь “төрөлхийн согог”

-Хөршөө үнэлж үздэггүй, тэнд болж буй үйл явцыг ойлгохыг хүсдэггүй байдал  яагаад бий болов оо?

- Бүр ЗХУ-ын үеэс л Дорно дахины судлалын салбар дотроос монгол судлалыг сонирхох нь бага байсан. Ихэвчлэн хятад болон араб судлалыг илүүд үздэг байлаа. Монголд бол хэлийг нь мэдэхгүй ч байсан ажиллаж болоод байсан. Бараг бүх хүний хувьд Зөвлөлтийн үед Монголд ажиллаж амьдарч байсан танил нь бий. Монголыг “16 дахь бүгд найрамдах улс” гэж үздэг байсан бөгөөд энэхүү “төрөлхийн согог” нь монгол судлалд өдийг хүртэл хадгалагдсаар байгаа юм.

1989 оны хувьсгалын үйл явдлаас алсрах тусам энэ орны тухай бидний мэдэх зүйл улам бүр хомсодсоор. Энэ бүхэн нь хамтын ажиллагаа, эдийн засаг, улс төрд нөлөөлөөд эхэлж байна.

Монгол бол бидний хувьд эдийн засгийн түнш, эртнээс холбоо харилцаатай байсан. Тэнд Оросын төмөр зам, Эрдэнэт үйлдвэр гэхчлэн Зөвлөлт-Монголын үеийн хэлхээ холбоо өдийг хүртэл байсаар л байгаа. Эдгээр корпорацийн ирээдүйн төлөв ямар байна вэ? Гадаад орчин хийгээд бэрхшээл сорилт, аюул заналын тухайд гэвэл?

Хөрш орон маань аялал жуулчлалын хувьд бидэнд нэн сонирхолтой. Айргаар үйлчилдэг амралтын газрууд, говьд ан хийх гэх мэт. Амралт, зугаалгын өөр нэгэн хэлбэр буюу “хотод амрах” гэсэн нэгэн төрөл бий. Монголын шөнийн клубууд огт өөр шүү. Нийтийн хоолны үйлчилгээ нь манайхаас хамаагүй илүү. Төдийлөн их мөнгө зарлагадахгүйгээр амралтын өдрүүдээрээ Улаанбаатарт очоод аятайхан амрах боломж бий. Манайд гэхэд л, амралтын газар нь үнэтэй, дээр нь дэд бүтэц тааруухан шүү дээ.

-Таны бодлоор, ямар чухал үйл явц Монголд өрнөж байна вэ?

-Монголын хувьд уранаас эхлээд нүүрс хүртэлх бүхий л байгалийн баялгаа ашиглаж байна. Нефть боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж байгаа учраас хамтын ажиллагааны хэтийн төлөв тун дажгүй байгаа. Нэг найз маань надад хэлж байсан л даа, Монгол дахь нефтийн олборлолтын талаарх мэдээлэл хомс байна аа, энэ байдал бидний хамтын ажиллагаанд цаашдаа хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуудлаар мэргэжлийн түвшинд бичсэн ямар нэгэн нийтлэл гараагүй учраас хүндрэлтэй байна. Монголд бензиний үнэ хямдрах ч юм уу, эсвэл үнэд орж ч магадгүй, яагаад? Эдгээр асуултын хариу одоохондоо алга.

Азийн сэдвээр дагнасан дүн шинжилгээний бүхэл бүтэн зах зээл бий болж байна,  тэр нь орон зай ихтэй, үндсэндээ эзгүй байна. Бидний хувьд цаашдаа Америкийн Харвард, Стэнфорд, Принстон, Английн Кембрижтэй өрсөлдөх хэрэг гарах байх.

-Монгол Улс түншийн хувьд Оросын сонирхлыг татах нь хэр бол?

-Япон, Өмнөд Солонгос, Хятадтай харьцуулахад Оросыг сонирхох сонирхол монголчуудын хувьд тааруухан. Учир юу гэвээс, залуучууд эдгээр оронд очиж боловсрол олж авч байна, энэ нь тэдэнд нийгмийн шинэ шат давхаргад шилжин орох үүд хаалгыг нээн өгч байна. Гэтэл Орост боломжгүй байна шүү дээ. Та Токио болон Европт дээд сургууль дүүргэх үү эсвэл Орост төгсөх үү гэдгийг харьцуулаад үз л дээ.

-Бизнесийн салбарт гэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр ер нь ямар хүчин чармайлт гаргаж байсан бэ?

-2008 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Оросын оролцооны цорго”-ыг нээсэн юм. Тодорхой хэлбэл, уул уурхай, төмөр замын салбарт. Гэтэл корпорациуд тухайн улс орныг мэддэггүй байсан, дээр нь бодож нягтлаагүй шийдвэр гаргасан учраас тус орны зах зээлээс төдий удалгүй гарч явсан юм.

-Монголчуудтай хамтран ажиллахад хэцүү гэж манай зарим ажил хэрэгч хүмүүс ярих юм. Энэ тухайд та хэлэх вэ?

-Заримынх нь хувьд бүх зүйл болж бүтээд байна. Хятад, Япон хоёр Монголтой амжилттай хамтран ажилладаг. Тэгэхээр Оростой хийх харилцаанд л асуудал байж магадгүй юм. Асуудлыг бид сэтгэлгээний тал дээр бий болгоод байна. Жишээ нь, Монголд автобус нь цагтаа л хөдөлдөг, гэтэл манайд аль нэгэн район руу явъя гэхэд автовокзал дээр хүлээх л хэрэгтэй болдог шүү дээ. Бид өөрсдийн этгээд зан байдлаа хөршдөө хамаатуулах дуртай болчихоо юу гэж заримдаа бодогдох юм. Бид ямар нэгэн байр сууриа тов тодорхой болгож чадахгүй байгаа учраас бидэнтэй байгуулсан гэрээ хэлцлийг нухацтай чухалчлан авч үзэхгүй байна. Бид ихийг амладаг боловч багыг хийдэг.

Түүнээс гадна, Оросын бизнесмэнүүд орос хэлээрээ л ярих нь олонтаа бөгөөд заримдаа тааруухан англи дээр яриа хөөрөөгөө эхлүүлдэг. Гэтэл хөршүүд маань 2-3 гадаад хэлээр ярьж байна шүү дээ. Бид шинэ үеийн, боловсрол мэдлэгтэй, маш боловсон хүмүүстэй хамтран ажиллаж чадах уу? Шинэ монголчуудын дэргэд бид өөрсдөө “монгол” болж харагдаад байна.

-Таны бодлоор, сүүлийн үед Монголын нийгэм хэрхэн өөрчлөгдсөн бол?

-Нийгмийн тухайд гэвэл, энэ нь тусдаа яриа. Яагаад гэвэл, шинэ статус, нийгмийн анги зиндаа, нийгмийн бүлгүүд, цагаачлал, харийн нутаг дахь монголчууд гээд бий болж нийгэм өөрчлөгдсөөр байна. Цагаачлал нь хүн ам цөөтэй орны хувьд томоохон асуудал юм. Цагаачлалын хувь өндөр байгаа нь Монголын хувьд бүр бэрх сорилт мөн. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, виз цуцалж байгаа нь бидэнд хамаагүй гэж үү?

Жишээ нь, дэд бүтцээ хөгжүүлэх талаарх Улаанбаатарын туршлага Улаан-Үд хотынхонд өгөөжтэй байх болов уу. Улаанбаатар хотод манайхаас өмнө замын түгжрэл бий болсон, уг асуудлыг тэнд хэрхэн шийдэж байна вэ, бүтэмжтэй байна уу, үгүй юү гэдэг нь маш сонирхолтой.  

-Энэ олон жил бид өөрчлөлтүүдийг яагаад анзаарахгүй явж ирэв ээ?  

-Учир гэвэл, Монголыг судлах мэргэжилтнүүд цөөхөн байна, олон хүн их сургуулийн ширээнээс дөнгөж салаад өөр тийш яваад өгч байна, тэднийг бид энд байхад нь хүртэл анзаарч харж амжихгүй юм. Хэдийгээр Оросын бизнесийнхэн Монголын талаарх судалгааг санхүүжүүлэх хүсэл сонирхолтой болсон ч гэсэн ажил мэргэжлээрээ дэвших боломж Орост алга гэж тэдний олонх нь үздэг.

-Тэгэхээр “хуучин бөгөөд шинэ” хөршөө илүүтэй ойлгож мэдэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Визгүй зорчих журам үйлчилж эхэлсэн нь ямар ч байсан том үйл явдал. Гэрээ хэлэлцээрүүд байгуулагдаж эхэлнэ, бид харилцаагаа өмнөхөөс илүү хариуцлагатайгаар цогцлоон бүтээх болно. Юуны урьд, бизнест түшиглэх хэрэгтэй бөгөөд хамтын ажиллагааны үр ашиг бол хамгийн чухал асуудлуудын нэг мөн. Үүний тулд бидэнд тухайн салбарын эрдэмтэд хэрэгтэй байна. Тухайлбал, эдийн засагчид, улстөр судлаачид, Зүүн Хойд Ази судлалын мэргэжилтнүүд гэх мэт. Дашрамд хэлэхэд, тэднийг Буриадын Улсын Их Сургуульд бэлтгэн гаргаж болно, үүнд шаардагдах бааз суурь бий.

Хэзээ нэгэн цагт үүнийг хийх залуус Орост төрөн гарна. Тэд одоо сурагчийн ширээний ард сууж байна гэж би боддог. Тэд энэ бүхнийг хийх үедээ өөрсдийн  хувьд цоо шинэ орныг нээхээс гадна яагаад байдал ийм болов оо гэж гайхацгаах болно. /2014.12.07/

Б.Адъяахүү

Эх сурвалж: