sonin.mn

Бид уншигчдынхаа хүсэлтээр АРД цахим хуудасны түнш бөгөөд буддын шашин болон Монголын сэдвээр “Уртон” гэдэг нэртэй блог хөтөлдөг Сергей Куваевтай уулзаж ярилцлаа.

- Та монгол хэлийг судалж, орчуулга хийх болсон шалтгаан юу вэ?

- Би Уралын их сургуулийн магистрантурт сурч байхдаа 2007 оноос эхлэн монгол хэлийг судалж эхэлсэн. Миний судалгаа шинжилгээний ажлын хүрээ нь буддын шашин судлал бөгөөд энэ чиглэлээр мэргэших нь монгол судлалтай нягт холбоотой.

Эхэндээ би “хуучин монгол бичгийг судалгааны ажилд их хэрэг болох юм байна” гэж бодож байсан боловч Екатеринбургт амьдардаг буриад оточ лам Чимит Тапхаровын зөвлөснөөр орчин цагийн монгол хэлийг судалж эхэлсэн юм. Кирилл бичиг сурчих юм бол дараа нь хуучин монгол бичгийг хамаагүй амархан сурна гэж тэрбээр хэлсэн нь үнэхээрийн үнэн байжээ.

Сурах бичиг ашиглаж, монголчуудаас туслалцаа авч, Монголын соёлтой холбоотой монгол хэлээр нийтлэгдсэн материалуудыг сонгон орчуулах зэргээр хичээл маань ихэд сонирхолтой байдлаар явагдсан.

Нэг сумаар хоёр туулай агнана гэдэгтэй адил хэл сурахын хажуугаар монголчуудын соёл, ёс заншилтай танилцаж амжив. Яваандаа орчуулсан материал маань олширч хуримтлагдлаа. “Ер нь иймэрхүү материалыг орос хэлээрх сүлжээгээр хайхад олдохгүй шүү дээ, тэдгээрийг яагаад нийтэлж болохгүй гэж? олон хүнд сонирхолтой байх болов уу” гэсэн бодол надад төрснөөр Уртон гэдэг блогоо нээсэн юм.

-Таны блогийг ер нь ямар хүмүүс уншдаг вэ?

-Монголыг сонирхдог, энэ оронтой харилцаж холбогдож байсан миний нэгэн адил хүмүүст зориулсан блог юм. Өөрийн амьдралын туршлагаас үүдэлтэй зүйлийг нийтлэхийг хичээдэг. Блогийн нэр нь төрөл жанрыг нь тодорхойлж байгаа нь ойлгомжтой.

Янз бүрийн сонирхолтой зүйлүүд тухайлбал, удаан аялсны эцэст тохилог сайхан гэрт амарч байхдаа бичсэн зүйлүүд гэх мэт. Гэхдээ энэ нь илүү даацтай, дүн шинжилгээ бүхий зүйлүүд миний сонирхлыг татдаггүй гэсэн үг биш л дээ, харин тэдгээрийг “Уртон”-доо нийтлэхийг би төдийлөн хүсдэггүй юм. Бусдын нийтлэлүүдийг ч блогтоо бараг байрлуулдаггүй, өөрөөр хэлбэл, хаа нэгтээгээс орос хэл дээр олоод уншчихаж болох материалуудыг гэсэн үг.   

-Та монголчуудын зан чанар сэтгэлгээний талаар юу хэлэх вэ?

-Монголчуудын сэтгэлгээний хэв маягийн тухайд, Азийн дивизийн штабын дарга Михаил Торновскийн хэлсэн үгийг байнга санадаг юм. “Өгөөмөр сайхан сэтгэл бол Буддын сургаалын гол утга санаа бөгөөд энэ нь монгол хүний гол зан чанар юм”.

Монголчуудтай харилцаж байсан бүхий л хугацаанд миний хувьд гайхалтай сайхан хүмүүс учирч, аз таарч байлаа. Хүн бүр нь яаж ийгээд туслах, хэлж өгөх гэж хичээнэ. Ер бусын зочломтгой, сайхан сэтгэлтэй хүмүүс. Огт танихгүй хөдөөгийн хэн нэгний гэрийн гадуур явж байх үед айраг уу гэж гэртээ урьж байхад Монголын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Галаарид телестудидээ урьж, номууд бэлэглэж байх жишээтэй.

Энэ бүхэн тохиолдлын явдлууд бус, харин ердийн л байдаг зүйл. Монголчууд зарим үед тун энгийн хээгүй, заримдаа сониуч зантай, заримдаа хайхрамжгүй ч юм шиг, нөгөө талаар шургуу хичээнгүй хүмүүс бөгөөд шударга шулуун занг үнэлдэг, ач тусыг марталгүй санадаг хүмүүс.

Энэ талаараа тэд зан чанарын хувьд европчууд гэхээсээ оросуудтай илүү төстэй. Монголын хувьд бол “ах дүү ард түмэн” гэдэг ойлголт бол зүгээр нэг хуучны нийгэм-улстөрийн нийтлэг байдал гэдгээс илүү гүн гүнзгий утга учиртай юм.   

-“Тахиа бол шувуу биш, Монгол бол гадаад биш” гэсэн ЗХУ-ын үеийн улиг болсон нэгэн хэллэг байдаг л даа, та үүнийг юу гэж үздэг вэ?

- ЗХУ, БНМАУ-ын ойртон нягтрах үйл явц ямар түвшинд байсан бэ гэдгийг дахин үнэлж цэгнэхэд түвэгтэй. Гэхдээ энэ интеграцийн хүчинд Монгол орон Хятадын нөлөөний хүрээнээс харьцангуй хохирол багатай гарч, орчин үеийн улс байгуулж чадсан юм. Монголын нийгэм хэдэн арван жилийн өмнө бол жинхэнэ ёсоор феодалын нийгэм байсан билээ.

Монголын хувьд “хилийн чанадын биш” гэсэн өвөрмөц байдал нь түүхэн нөхцөл байдлаас үүдэлтэй. Тодруулбал, Монгол дахь социалист бүтээн байгуулалт нь Орост үүнтэй адил төстэй үйл явц болсны дараа өрнөсөн шүү дээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын санаачилгаар Дорнод Европын орнуудад болсон үйл явдалтай адилгүй. Ардын хувьсгал нь Орост болсон Иргэний дайнтай шууд холбоотой байсан /чухамдаа Унгерн Монгол руу нэвтэрсэнтэй/ хэдий ч монголчуудын өөрсдийнх нь идэвхтэй байр суурьгүйгээр ийм үйл явдал болохгүй байх байсан.

Түүнээс гадна, нэг зүйлийг санах хэрэгтэй. Улс хоорондын харилцааны коммунист загварт “их гүрэн”, “дагуул улс” гэсэн ойлголтууд байгаагүй билээ.

Марксизмын онолоор бол, анги-эдийн засгийн хамтын ажиллагаанд суурилсан бүх үндэстний нэгдэл гэдэг бол төр улсаас дээгүүрт тавигддаг эцсийн зорилго байсан юм.

ЗХУ, БНМАУ хоёрын хооронд хил хязгаар байгаагүй нь үнэндээ бол хүсэн зорьж байсан тэр коммунист байгуулалтын үлгэр жишээ байлаа. Тэгэхээр, миний бодлоор бол, монголчууд дээрх үг хэллэгт гомдох хэрэггүй юм. Тэгээд ч энэ хэллэгт хоёр ард түмний хоорондын онцгой дотно харилцааг илэрхийлсэн утга агуулагдаж байдаг. /2014.11.28/

Б.Адъяахүү

Эх сурвалж: