sonin.mn

УЛААН-ҮД. /asiarussia/. Монголын хил дээр автомашины түгжрэл үүсч байгаад гаалийнхан буруутай гэж Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Вячеслав Наговицын шүүмжиллээ. Түүний хэлснээр, Хиагтын шалган нэвтрүүлэх боомтын ажилтнууд үзлэг шалгалтыг дэндүү удаан гүйцэтгэж байгаа аж. Монголын тал маш шуурхай ажиллаж байхад Оросын гаалийн ажилтнууд удаан назгай байна гэж “Новая Бурятия” сонинд бичжээ.

Буриадын удирдагч хэлэхдээ, Монголын мэргэжил нэгт нөхдийнхөө туршлагаас суралцахыг гаальчдад зөвлөсөн байна.

-Тэгэхээр хил, гаалийнхан Буриадын Засгийн газрын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Зубаревын хамт сууж байгаад цаашид хэрхэн ажиллах вэ гэдгээ ярилцах нь зүйтэй. Монголд очиж гаалийн үзлэг шалгалтыг хэрхэн явуулдагтай танилцсан ч болно шүү дээ.

Ер нь зорчигчдыг бүгдийг нь нэгжих шаардлага байгаа юм уу? Би хэд хэдэн удаа Домодедовогоор дамжин хилээр нэвтэрч байх үед тэнд гаалийн шалгалтыг түүвэрлэн явуулж байсан. Гаалийн ажилтан байгаа эсэх нь ч анзаарагдахгүй. Гэтэл манайд 100 хувь бүгдийг нь шалгаж байна. Орос улс нэг л хуультай. Тэгэхээр иймэрхүү найрсаг бус, зочломтгой бус байдлыг бий болгох хэрэггүй гэж Наговицын ярилаа.

Таиланд, Монгол, Өмнөд Солонгос зэрэг орон хилээр дамжин өнгөрөх ачаанд хийх хяналт шалгалтын тал дээр Оросоос хол түрүүлж байна гэж АРД цахим хуудас өмнө нь бичиж байсан билээ. Эдгээр орны дэргэд Орос улс үнэхээр хоцрогджээ. Оросын гаалийн төлөөлөгчийн илтгэлд дурдсаныг үзвэл, чингэлгийн сул зогсолт 15 хоног байсныг 10 хоног болгон бууруулжээ. Гэтэл хилээр дамжин өнгөрөх ачаанд хийх үзлэг шалгалтын хугацаа цаг, минутаар хэмжигдэж байна.

Б.Адъяахүү

Эх сурвалж:
http://sonin.mn/uploads/images/montsame.jpg