sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Дэлхийн хүн амын бичиг үсэг тайлагдах явц сүүлийн 20 жилд удааширч, одоогийн байдлаар ердөө 84 хувьтай байна. Энэ нь янз бүрийн улс оронд насанд хүрсэн 781 сая хүн буюу ойролцоогоор манай гарагийн 10 оршин суугч тутмын нэг нь уншиж, бичиж чаддаггүй гэсэн үг юм гэж Америкийн "Глобалист" цахим хэвлэлийн судалгааны төв мэдээлжээ.

Тус төв НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын  /ЮНЕСКО / мэдээлэлд үндэслэн тайлангаа бэлтгэсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа хүн амыг маш түргэн хурдацтайгаар бичиг үсэгт сургасан боловч энэ зуунд эрс удааширсан гэж шинжээчид тэмдэглэж байна. 1950-1990 онд бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн тоо 56 хувиас 76 хувь хүрч нэмэгдсэн бол, харин дараагийн 10 жилд 82 хувь хүрч өсчээ. Гэвч 2000 оноос эхлэн энэ үзүүлэлт ердөө 2 хувь болсон байна.

Энэ нь уншиж, бичиж чаддаггүй 597 сая хүн оршин суудаг Төв Африк болон Баруун Азийн орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил ерөнхийдөө маш бага түвшинд байгаатай холбоотой гэж тайланг бэлтгэсэн шинжээчид үзэж байгаа аж. “Энэ хүмүүс дэлхийн бичиг үсэг тайлагдаагүй нийт хүний 76 хувийг бүрдүүлж байна. Өмнөд болон Баруун Азийн орнуудын ахмад үеийнхтэй харьцуулбал энэ бүс нутгийн залуучуудын бичиг үсэг тайлагдсан байдал харьцангуй өндөр түвшинд байгаа нь цорын ганц найдвар төрүүлсэн мэдээ баримт юм” гэж тайланд дурджээ.

ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнгийн мэдээллээр, одоо дэлхий даяар 15-24 насны охид хөвгүүдийн 90 хувь нь бичиг үсэг тайлагдсан байна. “Энэ үзүүлэлт хэдийгээр өндөр байгаа боловч залуусын 126 сая нь уншиж, бичиж чаддаггүйг харуулж байна” гэж "Глобалист" хэвлэлийн судалгааны төвийн шинжээчид тэмдэглэж байна.

Тэд мөн охидтой харьцуулахад хөвгүүдийн дунд бичиг үсэг тайлагдсан байдал 6 хувиар илүү байгаад анхаарлаа хандуулжээ. Харин лалын шашинт ядуу орнуудад охид, хөвгүүдийн дунд асар их ялгаа ажиглагдсан байна. Дэлхийн бичиг үсэг тайлагдаагүй 781 сая хүний гуравны хоёрыг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд тэдний 30 хувь нь буюу 187 сая нь Энэтхэгт оршин суудаг ажээ.

Энэтхэгт хамгийн олон буюу 286 сая хүн бичиг үсэг тайлагдаагүй байна. Тус улсын дараа Хятад /54 сая/, Пакистан /52 сая/, Бангладеш /44 сая/, Нигери /41 сая/, Этиоп /27 сая/, Египет /15 сая/, Бразил /13 сая/, Индонез /12 сая/ болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс /12 сая/ оржээ. Дэлхийн бичиг үсэг тайлагдаагүй нийт хүмүүсийн гуравны хоёр гаруй нь эдгээр 10 улсад ногдож байна.

Д.Жаргал

Эх сурвалж: