sonin.mn

Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум-2014 Бэст Вэстерн Премьер Туушин Зочид Буудалд өнөөдөр боллоо. Форумыг нээж Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч, Тогтвортой санхүүжилтийн удирдах хорооны дарга М.Болд үг хэлэв. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ :

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, Ноёд оо,


Юуны өмнө хэний ч шахалт шаардлагагүйгээр Монголын банкууд улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө тогтвортой санхүүжилтийн санаачилга гаргаж, зарчмуудаа боловсруулан өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаад Эх дэлхийн манлайлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Миний ойлгож буйгаар 2015 онд Монголд олон чухал үйл явдал болохын хоёрыг энд онцлон дурдъя. Тухайлбал Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Энэ өдрөөс эхлэн төр засгийн, төсвийн бүх байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвөөс тендер авсан хувийн компаниуд бүгд таваас дээш сая төгрөгийн гүйлгээний талаарх мэдээллийг долоо хоногийн дотор өөрийн веб хуудсанд, хэрэв веб хуудас байхгүй бол байгууллагын олон нийтийн самбарт нийтэлдэг болно.

Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр Монголд үүрлэж бугшсан банк санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой залилан, авлигал гэх мэт маш олон асуудалд цэг тавьж, зарчмын шинжтэй өөрчлөлтийг хийх юм. Үүнийг бид туршлагаар нотолсон. Дансны гүйлгээг олон нийтийн хараа хяналтад ил тод байлгах нь маш үр дүнтэй арга хэмжээ.

Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлснээр Монголын банк санхүүгийн менежмэнт, хөрөнгө оруулалтын үр ашиг, авлигал, санхүүгийн гэмт хэргийг таслан зогсоох ажилд асар том дэвшил гарах учиртай. Энэ асуудлаар ирэх 18-нд томоохон хэмжээний зөвлөлгөөн зохион байгуулах гэж байгаа.

Хоёр дахь томоохон үйл явдал бол ирэх оноос тогтвортой хөгжлийн зарчмыг мөрдөж эхлэх юм. Үүний дагуу хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй төслүүдийг түлхүү санхүүжүүлдэг болно гэж би ойлгож байгаа. Хүний эрүүл мэндэд ээлтэй хүрээлэн буй орчныг бүрдүүлэх ёстой. УИХ ногоон хөгжлийн бодлогыг баталсан. Энэхүү бодлогыг боловсруулж батлахад гар бие оролцсон УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч, хатагтай С.Оюун энд хүрэлцэн ирсэн байна. С.Оюун дээрх бодлогын талаар дэлгэрэнгүй ярина байх гэж бодож байна.

Та бүхний санаачилга дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй. Банкууд өөрсдөө санаачлаад тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулж мөрдөх гэж байгаа нь олон талын ач холбогдолтой юм. Монголчууд эрт дээр үеэс байгаль орчинд ээлтэй амьдарч ирсэн. Байгаль орчноо хайрладаг монголчуудын хүмүүжил, соёлын өвийг сэргээх, сургалтын ажлуудыг хийх, хойч үедээ уламжлах нь зүйтэй.

Тогтвортой хөгжлийн санхүүжилт нь хүлэмжийн хийг багасгах гэх мэт ажлаар тогтохгүй. Монгол Улс байгал, цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай, эрчим хүчний алдагдал ихтэй орон. Миний бодлоор тогтвортой хөгжлийн зарчмуудыг мөрдөж эхлэвэл ядуурал багасах нийгмийн ач холбогдолтой.

ХБНГУ-ын GIZ байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотод амьдран сууж байгаа хүмүүс авсан дулааныхаа 50 хувийг хаалга, цонх, хана, шал, таазаараа алдчихдаг гэж дүгнэсэн. Энэ нь манай иргэд эрчим хүчинд зохих хэмжээнээс хоёр дахин их мөнгө алдаж байна гэсэн үг юм. Тэгэхээр аливаа төслийг санхүүжүүлэхдээ хамгийн түрүүнд эрчим хүчээ хэрхэн хэмнэх вэ гэдэг шалгуурыг тавих хэрэгтэй. Эрчим хүч гэдэг нь бензин, шатахуун, уур, ус, цахилгаан гэх мэт өргөн хүрээтэй ойлголт юм.

Сүүлийн үед орон сууц, офиссийн барилга олноор баригдах боллоо. Та бүхнээс эрчим хүчний алдагдлын асуудлыг онцгой анхаараасай гэж хүсч байна.

Мөн УИХ-аас нэг шоо метр орон сууцны талбайг халаах зардлыг албан ёсоор баталгаажуулан, дулааны алдагдалтай барилгын санхүүжилтийг зогсоох гэх мэт арга хэмжээ авах нь зүйтэй. Энэ асуудлыг олон нийтэд мэдээлдэг байх тогтолцоог бүрдүүлэх ёстой.

Монголчууд эрчим хүчний алдагдлаас болж их хэмжээний хөрөнгө үргүй зарцуулж байна. Тогтвортой санхүүжилтийн зарчмуудаа зөв тодорхойлон хэрэгжүүлж чадах юм бол бид байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлого бий болгож чадна.

Тогтвортой санхүүжилтийн санаачилгыг гаргасан, энэ ажлыг дэмжсэн гадаад дотоодын банк, санхүүгийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс бүх талаар дэмжинэ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд сэргээгдэх эрчим хүчний асуудлыг харгалзаж үзэх нь зүйтэй. Уудам газар нутагт тархан суурьшсан монголчуудын хувьд сэргээгдэх эрчим хүч бол бурхны бэлэг юм. Хотын иргэдээс илүү хөдөө орон нутгийн иргэд сэргээгдэх эрчим хүчний үр шимийг хүртэж байна.

Бид 1999 оны намар 100 мянган нарны гэрэл хөтөлбөрийг санаачилсан. Энэ нь Монголд хамгийн амжилттай хэрэгжсэн цөөхөн төслийн нэг юм. Энэхүү төслийн ачаар саяхныг хүртэл лааны гэрэлд амьдарч ирсэн хөдөө орон нутгийн иргэд маань сэргээгдэх эрчим хүчээр ажиллах телевизор, хөргөгч гээд цахилгаан хэрэгслээр орон гэрээ тохижуулсан билээ. Магадгүй та бүхэн ирэх жилээс 100 мянган нарны дээвэр төслийг санаачлан, шинээр баригдаж буй барилгуудад сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлбэл улс орны хөгжилд сайнаар нөлөөлнө.

Монгол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон. Зөвхөн Алтай, Хангайн нуруу хоорондын салхины хүчийг бүрэн ашиглаж чадвал 2.6 терраватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтойг Азийн хөгжлийн банкны судадалгаа харуулсан.

Тэгэхээр та бүхэн нэг талаас эрчим хүчээ хэмнэж, нөгөө талаас сэргээгдэх эрчим хүчээ дэмжих үүднээс асуудалд хандвал Монголын ирээдүй улам их гэрэл гэгээтэй, тогтвортой болж, бусад улс орнуудад үлгэр жишээ үзүүлэх хэмжээнд хүрнэ гэдэгт итгэж байна. Өнөөдөр агаарын бохирдол, замын түгжрэл гэх мэт нийгмийн олон асуудал бидний өмнө тулгамдаад байна. Аливаа хүндрэл бэрхшээлийг хямралын үед л шийддэг гэж ярьдаг. Хямрал гэдэг үг эрсдэл, боломж гэсэн салаа утгатай. Тэгэхээр бид өнөөдрийн хямралыг хөгжлийн боломж болгох боломжтой гэж үзэж байна.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.