sonin.mn

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.12.16/ хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд батлагдсан. Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орох өөрчлөлт болон төсвийн хэрэгжилтийн явцад үүссэн шаардлагатай бусад зохицуулалтыг тусгах зорилгоор Төсвийн тухай хуулийн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна гэж заасныг үндэслэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2014 оны 11 дүгээр сарын гүйцэтгэлээр 5,267.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 16.2 хувиар буюу 1,019.1 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар буюу 306.6 тэрбум төгрөгөөр илүү байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 6,623.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 5,708.3 тэрбум төгрөгийн буюу 86.2 хувийн, улсын төсвийн зарлага 4,737.6 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 4,119.0 тэрбум төгрөгийн буюу 86.9 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.

Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт тусгах, зохицуулалт хийх, зарим арга хэмжээний зардлыг бууруулахаар 2014 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Ё.Отгонбаяр, Г.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Д.Арвин, Д.Хаянхярваа нар асуулт асууж хариулт авсан.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Сангийн сайд улс орны нөхцөл байдал бага зэрэг хүндэрсэн гэж зөөлрүүлж ярьж байна. Бодит байдал дээр төсөв маш их хүндэрсэн. Төсвийн тодотгол дээр манай байнгын хорооны хариуцдаг чиглэлийн баахан шинэ обьектууд орж ирсэн байна.

Эрүүл мэндийн сайдад гэхэд 26, боловсрол соёл шинжлэх ухааны сайдад мөн 20-иод обьектод санхүүжилт тусгагдсан нь ямар учиртай юм бэ. Он дуусахад хоёрхон долоо хоног үлдээд байхад шинэ обьект тавьсан нь агуулгын хувьд ойлгомжгүй байна гэв. Сангийн сайд гишүүний асуултад өгсөн тайлбартаа, Засгийн газар нэгдүгээр сард эрсдэл гаргаад санхүүжүүлсэн обьектууд байгаа.

Өрийн бичиг гаргаад санхүүжүүлсэн учраас энэ жилдээ багтаагаад өрөө төлөх ёстой. Тиймээс санхүүжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Хэдийгээр 2013 оны төсвийн тухай хуульд тусгагдаад ажил нь хийгдсэн ч санхүүжилтээ авч чадаагүй 190 обьект байгаа гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, төсвийн тодотголыг хийхдээ орлогыг тодотголгүй, зөвхөн шинээр байгуулагдсан яамдын төсвийг батлахаар оруулж ирж байгаад харамсаж байна. Нэгэнт орлого нэг их наядаар тасарсан нөхцөлд орлогоо тодотгож байж төсвийн тодотголоо хийх ёстой. Гэтэл Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор яамдын төсвийг баталж өгөх үүднээс тодотгол оруулж ирж байна. Орлогоо тодотгохгүй төсөвт тодотгол хийхээр орлогыг бүрдүүлж байгаа гааль, татварынхан аж ахуй нэгжүүдээ дарамталж эхэлнэ гээд, иймд гааль, татвар дээр төсвийн орлогыг бүрдүүлэх эсэх талаар тодотгосон юм.

Төсөвт тодотгол хийх шаардлага нь Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор хуулийн дагуу явж байгаа. Орлогыг бодитой болгох асуудлыг шийдэх бололцоо энэ удаагийн төсвийн тодотголоор гарахгүй. Учир нь өмнө байсан бүх төрийн байгууллагууд 11 дүгээр сард зардлаа санхүүжүүлээд явсан. Өөрөөр хэлбэл дансныхаа үлдэгдлийг ашиглах хэлбэрээр санхүүжүүлсэн байгаа.

Тийм учраас хэрэглэсэн мөнгийг буцааж авчраад зардлаа бууруулах ямар ч боломж байхгүй. Харин эрсдлээ төрийн сангийнхаа үлдэгдлийг хасах руу оруулаад явсан учраас энэ удаа бүтэцтэй холбоотой тодотгол хийнэ. Ерөнхий сайдаас хяналт шалгалтаа багасгах үүргийг гааль, татварынханд өгсөн. Ийм чиглэл өгсөн учраас орлогоо бүрдүүлэхэд хэцүү байна гэдэг зүйл ярьж байгаа.

Гэхдээ аж ахуй нэгж байгууллагууд Иргэдийн хурлаас баталсан татвараа төлөх үүрэгтэй. 300 орчим тэрбум төгрөгийн татварын асуудал байгаа. Энэ татвараа олох ёстой. Ерөнхий сайд хяналт шалгалтаа зогсоо гэсэн болохоос оногдуулсан татвараа битгий төл гэдэг үүрэг өгөөгүй гэсэн тайлбарыг Сангийн сайд өгөв.

Мөн тус Байнгын хорооны дарга Д.Батцогт, нийгмийн салбарын хүрээнд 2014 онд дутуу хийгдсэн санхүүжилтийг 2015 онд үргэлжлүүлэх нь чухал гэдгийг сануулсан юм.

Үүний дараа Номын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд гараагүй тул Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Монгол Улс дээд болон мэргэжлийн боловсролыг яаж оновчтой хэлбэрээр хөгжүүлэх талаар бодлогод тусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж, Финланд улсын боловсролын тогтолцоог жишээ болгож байсан. Тус улсад хамгийн түрүүнд багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, бэлтгэхэд анхаарал хандуулснаар боловсролын тогтолцоо нь зөв явдаг байна.

Түүнчлэн бодлогын баримт бичигт маш том зорилтуудыг тусгасан. Иймд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд гарах санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулсан юм. Хуралдаанаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.