sonin.mn

НҮБ. /ITAR-TASS/. Он гарснаас хойш Сирид мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 200 мянгад дөхжээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Валери Амос тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, Сирийн Засгийн газрын арми болон зэвсэгт сөрөг хүчний хооронд явуулж буй байлдааны ажиллагааны улмаас нэг сая орчим хүн шархаджээ.

“Хоёрдугаар сард 100 мянга орчим хүн амиа алдсан. НҮБ-ын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар энэ тоо 200 мянгад дөхсөн бол нэмээд нэг сая орчим хүн шархадсан. Энэ тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Амосын хэлснээр, одоогийн байдлаар Сирийн 12,2 сая оршин суугчид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ тоо 10 сарын өмнө бараг гурван саяар бага байжээ. “Сирийн хүн амын бараг тал хувь нь орон гэрээ орхисны 7,6 гаруй сая нь дотооддоо шилжин суурьшигчид бол гурван сая нь хөрш орнууд руу дүрвэн гарсан. Энэ нь дэлхий даяар шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн нийт хүмүүсийн тавны нэгтэй тэнцэж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: