sonin.mn

Төв Азийн элгэнд орших Монгол хэмээх туурга тусгаар улсын дэлхийн дайдад хүрч, мандан бадарч ирсэн түүх бол МОНГОЛ ЦЭРЭГ хэмээх ялагдашгүй зоригтой, мохошгүй хүчтэй, дайчин баатар эрсийн уухайгаар түүчээлэгдсэн юм.

2220 гаруй жилийн тэртээ хааныхаа зарлигийг дагаж, Хүннү цэрэг уухайлан босч, морин туурайгаар хөрстийг тамгалан мөрөө үлдээж, ялалтаа зарлан тунхагласан лугаа адил МОНГОЛ ТӨР-МОНГОЛ ЦЭРЭГ-ийн салшгүй нэгэн түүх өнөөг хүртэл дэвжин хөгжиж явна.

Энэ их түүхэнд найман зууны тэртээх Их эзэн Чингис хааны суу их ялалтууд, Манжийн хамаарлаас гарах Үндэсний эрх чөлөөний тэмцэл, даян дэлхийд туурга тусгаар болохоо зарлан тунхагласан Ардын хувьсгал, цаашлаад Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайны ялалтын эзэд, өдгөөгийн дэлхийн энх амгалангийн харуулд зогсоо эгэл жирийн атлаа энгүй хатан зориг, тэсвэр хатуужлын биелэл Монгол цэрэг цөм нь болж явсан юм.

Монгол Улсынхаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа Монгол цэрэг хэмээх дуурсгалт алдрын эзэд  Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид, даян дэлхийд энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууд, дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчид, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний өмнөөс Батлан хамгаалах яамны цахим хуудаст зочилсонд тань баярласнаа илэрхийлье.

Дээдсээс цуутай яруу алдрыг өндөрт өргөж яваа Монгол цэргийг минь төрийн алтан сүлд, аз хийморь үеийн үед ивээж явах болтугай. Мөнхөд мандан бадрах Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон