sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн ажиллагааны улмаас Иракт наад зах нь 2700 хүн сураггүй алга болсон тухай тус улсын Хүний эрхийн яам мэдээлжээ.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, сураггүй алга болсон хүмүүсийн дийлэнх нь Тикрит хотын Шпихер баазын цэргийн албан хаагчид аж. Уг баазыг босогчид зургаан сар орчмын өмнө эзлэн авчээ.

“Шпихер баазаас сураггүй алга болсон хүний тоо 1660 болсон, Бадуш шоронгоос 487 хүн алга болсон, тэдэн дээр 38 эмэгтэйг оруулаад бусад бүсэд сураггүй болсон 554 хүнийг нэмж болно” гэж Иракийн Хүний эрхийн яам мэдээлсэн байна.

Тус яамны мэдээлснээр, сураггүй алга болсон хүмүүсийн тоог төрөл төрөгсдийнх нь мэдэгдэлд үндэслэн гаргажээ. “Сураггүй алга бологсдын тоо илүү олон байж магадгүй” гэж Хүний эрхийн яамны төлөөлөгч Камель аль-Амин Франс Пресс агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчлөхийн тулд тэдний ДНК-гийн дээжийг өгөхийг аль-Амин сураггүй алга бологсдын гэр бүлд уриалжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг