sonin.mn

Оросын Холбооны Улсын Челябинск хотын эрдэмтэн Алексей Геннадьевич Шляхторовын бичсэн “Как Золотая Орда озолотила Русь” \Алтан ордны улс эртний Орос орныг хэрхэн баян тансаг болгосон тухай\ номын нээлт 2014 оны 12 дугаар сарын 10-нд Челябинск хотын “Урал, Сибирийн мэдлэгийн төв”-д боллоо.

Эрдэмтэн А.Г.Шляхторов нь түүхийн асар их материал судалсны үндсэн дээр бичсэн бөгөөд хэвлэгдээд тун удаагүй уг ном нь эрэлт хэрэгцээ ихтэй байна.

Номын нээлтэд зориулсан видео бага хуралд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл уригдан оролцож, өөрийн санал бодлоо хуваалцав.

ЗХУ-ын үед Монголын эзэнт гүрний тухай “Татаро-монгольское иго” буюу “Татар, монголын дарлал” гэсэн ташаа ойлголтыг зөвлөлтийн хүмүүсийн оюун санаанд нь шингээсэн билээ. Эрдэмтэн зохиолч А.Г.Шляхторов, харин ч Монголын эзэнт гүрний үед эртний Орос орныг захирч байсан Алтан Ордны улс нь тус улсыг цэцэглүүлэн хөгжүүлж байсан гэсэн санааг илэрхийлж түүхэн баримт дээр тулгуурлан дэлгэрэнгүй бичжээ. Энэ номыг уншсан хэн боловч татар, монголын дарлалын тухай ойлголтоосоо бага боловч ангижирна гэдэгт зохиогч найдаж байгаагаа илэрхийлжээ.