sonin.mn

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2014.12.16/ үдээс хойш хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулгыг Сангийн дэд сайд С.Пүрэв танилцуулсан.

Танилцуулгад дурдсанаар, Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор холбогдох өөрчлөлтийг тусгах, 2013 оны төсвийн жилд батлагдсан боловч тухайн жилдээ санхүүжигдэж чадаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн векселийн төлбөрт шаардагдах хөрөнгийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт нэмж тусгах, 2014 онд ашиглах боломжгүй хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл боловсруулах ажлын зардлыг бууруулан тооцох, Төрийн албан хаагчдын цалинг 2014 онд салбарын онцлог, инфляцын түвшинтэй уялдуулан ялгавартай, үе шаттай нэмэгдүүлж байгаатай холбогдон Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт зохих өөрчлөлтийг тусгах, Орон нутгийн төсвийн орлогод зайлшгүй шаардлагатай зарим өөрчлөлтийг тусгах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас хэмнэх боломжтой зарим арга хэмжээний зардлыг бууруулан тооцох, Хүний хөгжил сангийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотойгоор шинээр үнэт цаас гаргах эрхийг нэмэгдүүлэх зарчмуудыг баримталсан гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Ц.Дашдорж нарын зүгээс мал хамгаалах сангийн болон цэвэр агаар сангийн зардлыг яагаад бууруулах болсон талаар тавьсан асуултад салбарын сайд нар болон ажлын хэсгээс хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, 2014 оны төсвийн тодотгол нь ирэх оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд хийгдэх төсөв учир ямар нэг асуулт, саналгүйгээр асуудлыг шууд дэмжээд явья. Харин 2015 оны төсөв дээр анхаарал хандуулах шаардлагатай гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх хүлээн авсан юм. Ингэснээр Байнгын хороо санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.