sonin.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан “Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн удирдамжийн хүрээнд “Түлш эрчим хүчний салбарын төрийн өмчит болон хувьцаат компаниудын үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Байнгын хорооны дэд ажлын хэсэг Эрчим хүчний яамтай хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Д.Доржпүрэв, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр болон Эрчим хүчний салбарын сайдын зөвлөл, Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, төрийн өмчит хувьцаат компаниудын захирлууд, дэд ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан нар танилцуулга хийж, ажлын хэсгийн гишүүд салбарын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар асуулт асууж тодруулан үйлдвэр, компанийн захирлуудын саналыг сонслоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсээс мэдээллээ.