sonin.mn

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /12-р сарын 17-ны Лхагва гараг/ хуралдаанаар хэд хэдэн  асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

        Хуралдааны эхэнд тус хорооны мэдээллийн удирдлагын систем, цахим хуудсыг бүтээн, ажиллуулахад бэлэн болгосон талаар Online Solution компанийн захирал Д.Соёл-Эрдэнэ танилцуулав. Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь" төслийн хүрээнд хийгдсэн мэдээллийн удирдлагын энэхүү нэгдсэн систем WWW.URGUDUL.MN /цахим хуудас, дотоод программ хангамж/-ийг тус компани боловсруулан 2 сар гаруй хугацаанд ажиллажээ. Үүний үр дүнд зохих стандарт шаардлагыг хангасан, нөөцлөлт, хадгалалтыг хэрэглэгчийн хүсэлтээр тохируулах боломжтой, Улсын Их Хурлын Тамгын газарт ашиглагдаж байгаа бусад систем, портал сайт, программ хангамжтай зохицсон, нээлттэй эхийн системүүдийг дэмжин ажилладаг цахим хуудас, мэдээллийн удирдлагын системийг хүлээлгэн өгч байгаа аж.

       

        Энэхүү цахим хуудсыг нэвтрүүлснээр иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломж бүрдүүлэх, энэ ажлыг хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломж бүрдэж байгаа юм.

        Энэ өдрийн хуралдаанаар тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэх байсан боловч уг асуудлыг хойшлуулж дараагийн асуудалд шилжсэн бөгөөд энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн талаарх асуудал байлаа. Энэ асуудлыг орон нутгийн иргэд, байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-ууд болон холбогдох яам, газруудын төлөөллийг оролцуулан хэлэлцэхдээ тухайн нөхцөл байдлыг газар дээрээс нь баримтжуулсан богино хэмжээний дүрс бичлэг үзүүлж, ирэгдийн өргөдлийг судлан, газар дээр нь ажилласан С.Ганбаатар тэргүүтэй тус хороооны Ажлын хэсгийн ажлын тайлан, дүгнэлтийг сонссон юм.

        Ажлын хэсэг энэ оны 11-р сарын 28-ны өдөр нэр бүхий 50 гаруй иргэний /800-гаад иргэний гарын үсэг хавсаргасан/ өргөдлийн дагуу Дорноговь аймгийн “Цагаан дэлийн агуй”, “Хутаг уул”, “Чандмань хар уул”, Баянхонгор аймгийн “Хүслэнтэйн аман гол”-ын нөхцөл байдалд үндэслэн, ШУА-ын Археологи, Палеонтологи, Газар зүй, Түүхийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулан Дорноговь аймгийн Хөвсгөл, Дэлгэрэх, Айраг гэсэн 3 сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд очиж газар дээр нь танилцан, 2 удаа уулзалт -хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

        Энэ бүх ажлын дүнд Ашигт малтмалын тухай болон байгаль орчны тухай зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, тэдгээрийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай, энэ талаар Засгийн газарт тодорхой чиг үүрэг өгөх тухай байнгын хорооны тогтоол гарган хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

        Танилцуулгатай холбогдож гишүүд хэд хэдэн асуулт тавьсны дотор О.Баасанхүү гишүүн дээр дурдсан газрууд, тухайлбал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр суман дахь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ашиглалтын зөвшөөрөлтэй эсэх, энэ зөвшөөрөл нь хуулийн дагуу авагдсан эсэхийг лавлалаа.

        МХЕГ-ын Байгаль орчин, Геологи уул уурхайн хяналтын газрын дарга Б.Батсайхан энэ асуултанд хариулахдаа “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хувьд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр зөвшөөрөл олгосон, ИТХ өөрөө бүрэн бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэсэн бол өөр хэрэг. Тэргүүлэгчдийн шийдвэр зөрчил гаргасан үйлдэл мөн эсэхийг нягталъя” гэсэн юм. Асуудалтай холбогдуулж О.Баасанхүү ггишүүн мөн саналаа хэлэхдээ “Байгаль орчны нөхцөл байдал, иргэдийн амь нас, амьжиргааг хөндсөн маш ноцтой асуудал яригдаж байхад хариуцлагатай хандмаар байна. УИХ-ын Байнгын хороо эдгээр компани хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзэж буй бол лицензийг нь хураах үүргийг Ашигт малтмалын газарт өгөх ёстой. Ер нь энэ компани үйл ажиллагаа явуулах эсэх, нэгэнт явуулж байгаа бол хязгаарлах нөхцөл тавих эсэхийг ярих ёстой. УИХ-ын болон Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох гэхчлэн тодорхой шийдэл гаргах шаардлагатай гэсэн юм.

        Мөн Ж.Батзандан гишүүний хувьд төрийн захиргааны байгууллага хоорондын зөрчлөөс болж улсын төсөвт орох хөрөнгө буслын халаасанд орж байгааг шүүмжлээд аймаг бүрт иргэд, олон түмний тахидаг шүтлэгтэй ууланд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын ажлыг зогсоох, үгүйдээ л үйл ажиллагаа явцуулах газрынх нь зааг хэмжээг хязгаарлан зааж өгөх хэрэтэй. Төрийн байгууллагуудын хороонд уялдаа холбоо байхгүйгээс хийдэл их гарч байгаа тул холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангах шаардлагатай гэсэн саналтай байлаа.

        Ингээд хуулийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хороооны тогтоолын төслийг батлах асуудлаар хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг хураахад уг төсөл 77,8 хувиар батлагдав Үүний дараа мөн Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилж чуулганд оруулан хэлэлцүүлэх тухай шийдвэрийн төслөөр гишүүдийн дунд санал хураахад уг төсөл 88,9 хувийн саналаар дэмжигдлээ.

        Хуралдааны эцэст Боловсролын тухай хууль тогтоолын хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах талаар гишүүдээс санал хурааснаар тудний 920 хувийн саналаар уг Ажлын хэсгийг О.Баасанхүү гишүүнээр ахлуулан байгуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.